Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сүүлийн үед хийсэн хяналт, шалгалтын дүнгээ танилцуулж, өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэрээ худалдаа үйлчилгээний газруудын хямдралтай холбоотой зөрчлийн талаар мэдээлэл өгөв.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Мөн худалдаа үйлчилгээний газрууд хямдрал зохион байгуулах болсон. Энэхүү хямдралын үйл ажиллагаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэх ёстой.
Өнгөрсөн онд шинэ жил, цагаан сарын хямдралтай холбоотойгоор бид тодорхой хяналт, шалгалт хийж зөрчлийг арилгуулахаар ажилласан. Харин одоо зөрчил гаргасны дараа аж ахуйн нэгжийг торгох гэхээс илүү урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа шаардлагатай байна.
Тухайн бараа, бүтээгдэхүүнээ хямдарсан гэж зах зээлийн ердийн үнээр зарж, иргэд хэрэглэгчдийг хохироож, хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан аж ахуйн нэгжийг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгодог.
Үүнд бид тодорхой хэмжээнд хяналт тавьж ажиллана. Хэрвээ тухайн аж ахуйн нэгж ямар нэг байдлаар зөрчил дутагдал гаргасан бол жижиг гэлтгүй холбогдох хуулийн дагуу хариуцлага оногдуулах учраас хуулийн хэрэгжилтээ хангаж ажиллахыг анхааруулж байна.
Мөн хямдарсан бараанд НӨАТ олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хэрвээ худалдаа үйлчилгээ авч л байгаа бол холбогдох журмын дагуу НӨАТ-ын баримтаа авах л ёстой” гэв.
Н.БАТАА