Хан-Уул дүүргийн төр, хувийн хэвшлийн байгууллагын 887 ажилтан, албан хаагчид 12201 шуудай шахмал түлшийг зорилтот бүлгийн 163 өрхөд хандивлалаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид сайн дураараа нэгдэн дүүргийн 6 дугаар хороонд байрлаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний бааз дээр шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зорилтот бүлгийн айл, өрхүүдэд шахмал түлш хандивлах сайн үйлсийн аяныг аравдугаар сарын 17-оос эхлүүлэн амжилттай үргэлжилж байна.
“Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аянд Хан-Уул дүүргийн төрийн 11, хувийн хэвшлийн есөн байгууллагын 887 ажилтан, албан хаагчид сайн дураараа утааны эсрэг нэгдэн нийт 12201 шуудай, 305 тонн шахмал түлш савлан ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн 163 айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний хандив өгч ажиллалаа.
Тус аян Хан-Уул дүүрэгт 2020 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг утааны эсрэг “Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалан дуудаж байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР