Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал дэлхий нийтийн санааг хамгийн ихээр зовоож байна.
Дэлхийн тэргүүлэх зэргийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах замаар дэлхийн дулаарлыг цельсийн хоёр хэм, цаашлаад 1.5 хэмд хязгаарлах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээр юм.
Хэлэлцээрт дэлхийн 200 гаруй улс нэгдэж, эдийн засгийн үйл ажиллагаанаас улбаатай хүлэмжийн хийн хэт ялгарлыг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг хүлээж байна. Монгол Улс Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталсан ба тус хэлэлцээр нь 2020 оноос нэгдсэн байдлаар хэрэгжиж эхлэхтэй холбогдуулж гишүүн орон бүр дэлхийн хүлэмжийн хийг бууруулахад өөрсдийн оруулах хувь нэмрээ тодорхойлж, тогтмол тайлагнаж, хүлэмжийн хийг бууруулах зорилтоо ахиулах шинэ тогтолцоонд шилжиж байна.
Иймд, Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн баасан гаригт Монгол Улсад суугаа гадны элч, төлөөлөгч, хувийн хэвшил, олон улсын түнш байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарын 300 гаруй төлөөллийг оролцуулсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээ чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад Монгол Улсын шинээр тодорхойлсон хувь нэмрийг олон нийтэд таниулан, сурталчиллаа. Мөн хөгжлийн шинэ чиг хандлагад гадаад дотоодын бүхий л талуудыг хүчин чармайлтаа нэгтгэн, бодит үр дүнтэй хамтран ажиллахыг уриалж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцлээ.
МОНГОЛ УЛС ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ 22.7 БОЛГОНО
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Нийт эдийн засгийн 80 гаруй хувь уур амьсгалаас шууд хамааралтай манай улсын хувьд конвенц болон хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр олон талын дэмжлэг авч, идэвхтэй хамтран ажиллах нь улс орны эдийн засаг, ирээдүйн аюулгүй байдалд нэн чухал ач холбогдолтой.
Бид конвенц болон Парисын хэлэлцээрийн гишүүн улсын хувьд уг зорилтоо тодорхойлж хүргүүлэх үүрэг хүлээсэн.Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар салбар дундын ажлын хэсгийг байгуулж, олон улсын шинжээч, үндэсний зөвлөхүүдтэй хамтран эдийн засгийн голлох салбарууд болох эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын салбаруудын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгагдсан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээнүүдийг тооцоолж, “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг тодорхойлоод байна.
Үүний үр дүнд үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд ямар ч арга хэмжээ авахгүй байх түвшинтэй харьцуулахад 14 хувь бууруулахаар 2015 онд тодорхойлсон өмнөх зорилтыг ахиулан 22.7 хувь болгосон” гэв.
Үндэсний чуулганаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг баталж, Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж буйгаараа онцлог.
Энэ үеэр Монгол Улс эдийн засгийн тэргүүлэгч салбарууд болох эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээвэр, барилга, аж үйлдвэр, хог хаягдлын чиглэлээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт, арга хэмжээнүүдийг тодорхойлов. Хөгжлийн чиг хандлагыг тогтвортой, ногоон болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх дээрх шинэ тогтолцоог үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд олон талын хамтын ажиллагаа, дэмжлэг нэн чухал.
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫН 48.5 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Судалгаагаар 2012 онд нийт хүлэмжийн хийн ялгарлын 52 хувийг эрчим хүчний салбараас үүдэлтэй байсан бол цаашид энэ өсөлт хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд 82 хувь буюу 51.2 сая тонн CO2-экв болж, тогтоосон суурь үзүүлэлтээс дөрөв дахин нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс манай улс дээр дурдсанчлан 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар буулгах зорилт тавьсан байна. Энэхүү зорилтын хүрээнд НАМА төсөл, “Ногоон паспорт” зэрэг томоохон төслүүдийг салбар бүрт хэрэгжүүлэн ажиллах юм байна.
“Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээ чуулган”-ы үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн ойн мэргэжилтэн Мэтью Ванрин “Монгол Улс бусад орнуудтай харьцуулахад аж үйлдвэр бүрэн хөгжөөгүй учраас хүлэмжийн хийн ялгарал хэт өндөр биш. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөлөлд хамгийн их өртөж байгаа орнуудын нэг.
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас энэ үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, ахиц дэвшил гаргах шаардлагатай. Өмнө нь тодорхойлж байсан зорилтуудаа дахин бататган шинээр тодорхойлж, урд өмнөх зорилтуудад ороогүй байсан асуудлуудыг багтааж чадсан нь Монгол Улсын Засгийн газрыг бусад орнуудтай харьцуулахад өндөр төвшинд гаргаж байна” гэдгийг онцлов.
Харин ХХААХҮЯ-ны Мал аж ахуй хөгжлийн бодлогын газрын дарга Д.Батмөнх “Хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын 48.5 хувийг эзэлж байна. Тиймээс хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахын тулд хөдөө аж ахуйн салбарт гурван гол зорилт тавьсан байгаа. Нэгдүгээрт, малын тоо толгойн өсөлтийг хязгаарлах, бууруулах зорилт тавьсан.
Энэ ажлын хүрээнд Бэлчээрийн тухай хууль баталж, малын тоо толгойг зургаан хувь бууруулна гэж тооцож байгаа. Мөн малын мах, махан бүтээгдэхүүний боловсруулалтыг боловсронгуй болгож эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, малын ялгадасны менежментийг боловсронгуй болгоно. Мөн бэлчээр, хөрс хамгаалах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэв.
120 мянган сурагч “Ногоон паспорт гарын авлага” хөтөлдөг
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат санаачлан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг амжилттай хэрэгжүүлж, Монгол орны хэмжээнд 120000 орчим ахлах ангийн сурагч “Ногоон паспорт” аянд нэгдэн “Ногоон паспорт гарын авлага” хөтөлж байна.
Тэгвэл энэхүү гарын авлагын цаасан хувилбарыг цахим хэлбэрт шилжүүлэн “Ногоон паспорт аппликэйшн” болгож Play store, App store-уудад байршуулсныг олон улсын чуулганы үеэр нээлээ. Ногоон паспорт эзэмшигч хүүхдүүд энэ үеэр аянд хамрагдаж хэрхэн өөрчлөгдсөн талаараа олон улсын байгууллагуудын төлөөлөгчдөд танилцуулж, ногоон паспорт гардуулсан юм.
Сурагчид жилийн хугацаанд “Ногоон паспорт” хөтөлснөөр хог хаягдлаа ангилан ялгах, ус, эрчим хүчийг хэмнэх, нүүрс хүчлийн хийг дор бүрнээ бууруулах зэрэг байгаль орчныг хамгаалах энгийн аргад суралцаж байна. Үүний ачаар 2030 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд жилд 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 тонн хүлэмжийн хийг ялгарах байсныг урьдчилан сэргийлж, 2027 оноос жил бүр 12 тэрбум төгрөгийн үргүй зардал гарахаас сэргийлж чадна гэсэн тооцоолол гарсан байдаг.