БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Хүүхэд оролцооны театрууд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлиг, Засгийн газрын 2019 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих” жилийн хүрээнд хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжихэд хүүхдийн уран бүтээл, хүүхдийн театрын үүрэг, ач холбогдлыг таниулах, хүүхдийн уран бүтээл туурвигчид, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Театр – хүүхэд – боловсрол” зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Зөвлөгөөнд төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнууд, аймаг, нийслэлийн БСУГ–ын холбогдох албан мэргэжилтнүүд, хүүхдийн уран бүтээл туурвигчид, хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын 150 хүний төлөөлөл оролцох юм.
Мөн зөвлөгөөний үйл ажиллагааг дэмжиж Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчны яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд уг арга хэмжээний үеэр хүүхэд оролцооны театруудын урлагийн тоглолтууд 2019 оны 11 дүгээр сарын 28-30 ны өдрүүдэд Улсын Хүүхэлдэйн театрын байранд тоглогдох юм.