Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-д яам, тамгын газрын хоёр, ТӨХК-ийн хоёр, 17 шүүгч шалгагдаж байгаа тухай мэдээллийг АТГ-ын Хяналт шалгалт-дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар өглөө.

-Мөрдөн шалгах хэлтэст хэдэн албан хаагчийг шалгуулахаар шилжүүлсэн бэ?

-АТГ жилд нийтдээ 40 гаруй мянган албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байна. Албан хаагчдын хүрэлцээнээс шалтгаалаад 300-500 орчим албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгадаг. Энэ жилийн 9 сарын байдлаар /2019 он/ 305 албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгасан.

Үүнээс 37 албан хаагчид сахилгын хариуцлага тооцуулахаар тухайн төрийн байгууллага, нэгжид, томилох бүхий албанд хүргүүллээ. 37 албан хаагчдаас 8 албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн. Үлдсэн албан хаагчид дээр нь сануулах, цалин хасах болон сахилгын арга хэмжээ тооцуулсан байгаа.

21 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн.
Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь тухайн жилийн болон урьд жилүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт нь огцом өөрчлөлт орсон. Хөрөнгө орлогодоо орсон өөрчлөлтийг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаа бол мөрдөн шалгах хэлтэс рүү нарийвчлан шалгуулахаар шилжүүлдэг тогтолцоотой.

-305 албан хаагчдыг ямар байдлаар сонгож хянасан бэ?

-Бид 40 мянган албан хаагчийг хөрөнгө орлогын мэдүүлгийг түүвэрчилж сонгох хэцүү. Түүвэрлээд хүн болгоныг шалгах юм бол зарим нь зөрчилгүй гарч ирж болзошгүй. Тиймээс 2018 оноос бид нар сонголтоор түүвэрлэх программыг ашиглаж эхэлсэн. Тухайн жилийн хөрөнгө орлогод нь өөрчлөлт орсон, хамгийн их малтай, хамгийн их орон сууцтай ч гэдэг юм уу байдлаар түүвэрлэж, эрсдэл бүхий албан тушаалтныг сонгож шалгаж байна.

Мөн иргэд, байгууллагаас ирсэн өргөдөл гомдлын дагуу хянаж, шалгана. Энэ жилийн хувьд 305 албан хаагчийн 20 орчим хувь нь иргэд, байгууллагаас ирсэн гомдлын дагуу шалгагдсан. Түүнчлэн эрсдэлтэй байгууллагуудыг тухайн жилдээ шалгадаг. Тухайлбал шүүгч нартай холбоотой хэд хэдэн эрүүгийн хэргүүд шалгагдаж байна. Үүнийг үндэслэл болгон шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгах ажлыг зохион байгуулж байгаа.

-Ямар ямар байгууллагын 21 албан хаагчид шалгагдаж байгаа вэ?

-21 албан хаагчийг бүтцээр нь аваад үзвэл яамны газар хэлтсийн 2, ТӨХК-ийн удирдах албан тушаалтан 2, анхан болон давж заалдах шатны шүүхийн 17 шүүгч байна. Шүүгч нарын тоо яагаад ийнхүү өндөр гарч байгаа вэ гэхээр энэ жил нарийвчлан шалгагдаж байгаа 305 хүний дотор шүүгч нар ихэнх нь орсон байгаа юм.

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа 17 шүүгч нь албан тушаалаас нь түдгэлзүүлсэн 17 шүүгч үү, өөр шүүгч нар уу?

-Зарим нь бий. 17 шүүгч дотор Салхитай мөнгөний ордтой холбоотой асуудлаар шалгагдаж байгаа шүүгч нар байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй шүүгч нар нь байна. АТГ-ын зүгээс Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар шалгагдаж байгаа 17 шүүгчийн асуудал өнөөдөр дахин ярилаа. Тэгэхээр Албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа 17 шүүгчээс гадна хөрөнгө орлогоо тайлбарлаж чадахгүй байгаа шүүгч нар нэмэгдэж шалгагдаж байгаа бололтой.

Ийнхүү мэдээлэл өгөх үедээ Х.Хашбаатар дарга ХОМ гаргагч албан тушаалтнууд нь сүүлийн жилүүдэд санаатай болон санамсаргүй байдлаар хөрөнгөө нуух, өөр хүнд шилжүүлэх гэх мэт зөрчлүүд нэмэгдэх болсон. Тиймээс ХОМ-т орлогоос гадна зардлыг нь давхар хянах үүднээс өөрчлөлт оруулж байгаа гэдгийг онцлон хэлсэн юм.

Энэхүү өөрчлөлттэй холбоотой асуудлаар маргааш “Албан тушаалтны хөрөнгө, орлого иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг боловсронгуй болгох нь” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байгаа аж.

Н.БАТАА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн