Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Японы Засгийн газрын тэргүүний суудалд түүхэндээ хамгийн удаан байсан Таро Кацүротой эн зэрэгцлээ. Абэ Шинзогийн Ерөнхий сайдаар ажилласан 2888 дахь өдөр өнөөдөр тохиож байна.
Түүний хувьд өнгөрсөн наймдугаар сарын сүүлч гэхэд л Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд болсон юм. Харин маргаашаас энэ үзүүлэлтээрээ Японы бүх цагийн үеийн түүхэн дэх дээд амжилтын эзэн болно. Абэ Шинзо нь өнгөрсөн онд эрх баригч Либерал-ардчилсан намын даргаар гурав дахиа сонгогдсон.
Энэ нь намын дүрмийн дагуу хамгийн сүүлчийн удаа сонгогдсон явдал юм. Ийнхүү тэрбээр 2021 он хүртэл Засгийн газрыг тэргүүлэх боломжтой болжээ. Абэ Шинзогийн Ерөнхий сайдаар ажилласан эхний хугацаа 2006 оны есдүгээр сарын 26-наас 2007 оны есдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжилсэн.
Ингээд тэрбээр 2012 оны 12 дугаар сард Либерал-ардчилсан нам нь бүх нийтийн сонгуулиар илт давуу ялалт байгуулсны дараа хоёр дахь удаагаа Засгийн газрыг тэргүүлэхээр болсон юм. Түүнийг дэмжигчид Засгийн газрын тэргүүнд эдийн засгийн шинэчлэлээ явуулах, түүнчлэн Токиод болох 2020 оны зуны Олимпийг зохион байгуулах илүү их хугацаа өгөх хэрэгтэй гэж шаарддаг байна.
Абэ Шинзогоос өмнө Японы Засгийн газрын тэргүүнээр хамгийн удаан ажиллаж байсан хүнээр өнгөрсөн зууны эхээр Ерөнхий сайдын албыг хашиж байсан Таро Кацүро бичигддэг. Тэрээр нийт 2886 өдөр Засгийн газрыг толгойлсон юм.