АНУ-ын сенат өчигдөр Хонг Конгийн Хүний Эрх, Ардчиллын тухай хуулийн төслийг дэмжсэн нь Бээжингийн эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгарлаа. Хуулийн төслийг конгрессын доод танхим өнгөрсөн сард уг буюу төлөөлөгчдийн танхим дэмжсэн юм. Төслийг одоо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 хоногийн дотор батлах, эсвэл хориг тавих ёстой юм байна.
Уг хууль батлагдвал хүний эрх, ардчиллын суурь зарчмуудыг зөрчсөн Хонг Конгийн засаг захиргаа, албан тушаалтнуудад АНУ-ын зүгээс хориг тавьж шийтгэх боломж нээгдэх аж. Сенат мөн Хонг Конгийг Хамгаалах хуулийн төслийг дэмжсэн нь жагсаал цуглааны эсрэг ашиглах зэвсэг, техникийг тус хот руу экспортлохыг хориглох бодолтой байгаа аж.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргажээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань “Хэрвээ АНУ-ын Ерөнхийлөгч хуулийг батлах юм бол Хятад улс үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах үүднээс эрс хатуу хариу арга хэмжээг авна” гэжээ. Мөн сенатын танхим олон улсын хууль дүрэм, дипломат харилцааны хэм хэмжээг ноцтой зөрчсөнд харамслаа илэрхийлжээ. Хонг Конгийн хэрэг явдалд гаднаас үнэлэлт дүгнэлт өгөх нь Хятад улсын дотоод хэрэгт оролцсон хэрэг гэж үзэж байгаа юм.
Хонг Конг хотод сүүлийн таван сар гаруй хугацаанд үргэлжилж буй хямрал нь хүний эрх, ардчилалтай ямар ч холбоогүй бөгөөд хүчирхийллийг зогсоож, нийгмийн дэг журмыг тогтоох нь нэн тэргүүний зорилт болоод байгааг тэр бас хэлсэн байна. Хуулиудын төслийг зургаадугаар сард анх танилцуулж байсан бөгөөд сүүлийн өдрүүдэд Хонг Конгийн нөхцөл байдал хурцадсан нь яаравчлан хэлэлцэхэд хүргэсэн юм.
Хонг Конгийн засаг захиргаа АНУ-ын конгресс хуулиудыг хэлэлцэж дэмжсэн явдалд харамсал илэрхийлээд шинэ хуулиуд хэрэгжиж эхэлбэл зөвхөн Хонг Конг бус АНУ-ын эрх ашигт муугаар нөлөөлөхийг анхааруулжээ. Тус хотод АНУ-ын 1,200 гаруй компани үйл ажиллагаа явуулдгаас 800 гаруй нь бүс нутгийн салбар оффисын үүрэгтэй ажилладаг тухай Хонг Конг дахь Америкийн Худалдааны Танхим мэдээлсэн байна.
Эх сурвалж: South China Morning Post