НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар өчигдөр /2019.11.18/ Монгол Улс санаачлан хоёр жил тутам хэлэлцүүлдэг “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав.
Энэ удаагийн тогтоолд хөдөөгийн эмэгтэйчүүдийн бүх бүлгийг чадавхжуулах, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшигт хөдөөгийн эмэгтэйчүүд хамгийн ихээр өртөж байгааг анхаарах, жендэрийн мэдрэмжтэй сургалтын тогтолцоо хөгжүүлэх, санхүүгийн хүртээмжтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлийн онцлогийг хангасан, үр дүнтэй, чанарын баталгаатай, хүн төвтэй, нотолгоонд суурилсан үйлчилгээ үзүүлэх, нийтийн аюулгүй орчны бүрдүүлж, нийтийн тээврийн систем, дэд бүтцийг сайжруулах, хөдөөгийн хөгжилд бүрэн тэгш оролцуулах, хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрх, үндсэн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн үүргийг дэмжих зэрэг олон шинэлэг асуудлыг тусгасан байна.
Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн орнууд өргөнөөр дэмжиж, 105 орон хамтран зохиогчоор нэгдэн орлоо.