УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц эмийн ургамлын нөөцийн талаар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Өнөөдөр Монголын уламжлалт анагаах ухааны эм хийдэг 13 эмийн үйлдвэр ажиллаж байна. Бүртгэлгүй, хувийн журмаар их хэмжээний уламжлалт эм хийж байгаа ч газрууд бий. Ийнхүү уламжлалт эм бэлтгэхдээ байгалийн гаралтай ургамал, амьтны түүхий эдээр хийж байгаа. Энэ янзаараа цааш явбал байгалийн нөөцөө богино хугацаанд дуусгах байх.
Нөгөө талаас байгалиас авсан эмийн ургамлын дотор агуулагдаж байгаа биологийн идэвхт бодисын хэмжээ авсан газар болгондоо өөр өөр байдаг. Тиймээс эм, тангийн чанар нэг ижил байх боломж хязгаарлагдмал болж ирж байгаа юм. Тиймээс ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу эмийн ургамлыг заавал тарьмалжуулах шаардлагыг Монгол Улсын хэмжээнд өндөр тавьж байгаа.
Байгалиас ургамал авч ашиглахдаа заавал нөөцийг тогтоолcон байх, Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авсан байх, ургамлаас бэлтгэх бүтээгдэхүүнийхээ нөөц бололцоог тогтоосон байхыг шаарддаг журамд шилжээд явж байна. Тэгэхгүй бол цаашдаа байгалиасаа эмийн ургамал аваад ашиглана гэвэл асуудалтай болно. Зарим нэг эмийн ургамал угаасаа их ховор. Нөөц муутай. Ховор, нөөц муутай ургамлуудыг одоогийнх шигээ аваад ашиглавал богино хугаанд эмийн түүхий эдгүй болох магадлалтай.
Хэрлэнбаян-Улаанд эмийн ургамал тарьмалжуулах ажилд амжилттай болсон. Зөвхөн энэ жил гэхэд Шинэ анагаах ухааны их сургууль 10 тонн сарьслаг хунчир тарьмалжуулаад хурааж авсан. Энэ нь Монголд эмийн ургамлыг тарьмалжуулж болно гэдгийг харуулсан үйл явдал болж байгаа юм” хэмээв.
Н.Батаа