“Монголиан транс ложистик” компанийн Дорноговь аймгийн Алтанширээ суманд тавьсан 12 км төмөр замыг өнгөрсөн бямба гарагт ашиглалтад оруулжээ. Уг төмөр зам нь УИХ-ын 2010 оны 1332 дугаар тогтоолоор баталсан, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын бичиг баримтад тусгасан, төмөр замын нэгдсэн сүлжээний хэвтээ буюу Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт –Чойбалсан чиглэлийн эхлэл болж байгаа гэнэ. Мөн Дорноговь аймагт байгуулсан Монгол газрын тос боловсруулах үйлдвэр болон шинээр барьж буй төмрийн хүдэр баяжуулах, кокс, ширмийн үйлдвэрийн дэд бүтэц, тээвэр, логистик, гаалийн хяналтын асуудал цогц байдлаар шийдэхэд нь зам чухал нөлөө үзүүлэх аж.
Тус зам ашиглалтад орсноор төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйд өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг үр дүнтэй, найдвартай хангах боломж үүсэж байна гэж салбарынхан үзжээ. Түүнчлэн үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг өргөжүүлэн, ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглах, эдгээрийн түүхий эдийг боловсруулан экспортолж, улсын эдийн засаг, Нийгмийн хөгжлийг хурдасгахад хувь нэмрээ оруулна гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин