–Facebook компани хэдэн сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан дуулианаас болж өнгөрсөн сарын сүүлчээр Их Британид 500 мянган фунт стерлингийн торгууль төлөхөө хүлээн зөвшөөрсөн юм-
Америкийн Facebook концерн Cambridge Analytica компанийн цуглуулсан олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдсан хэргээр 500 мянган фунт стерлингийн торгууль төлөхөө хүлээн зөвшөөрлөө. Интернэтийн аварга энэ компани Их Британийн Мэдээллийн асуудал эрхэлсэн комиссарын газар (ICO)-тай энэ асуудлаар тохиролцсон тухай 10 дугаар сарын 30-нд хэвлэлүүдээр мэдээлсэн юм.
Гэрээний дагуу талууд гомдлоо татан авна. Гэхдээ Facebook компани буруугаа хүлээгээгүй юм. Марк Цукербергийн компаниас төлөгдөх торгуулийг Эрхэм дээдсийн санд шилжүүлэх юм.
Facebook-ийн хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсан тухай дуулиан
2018 оны гуравдугаар сард Facebook компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан түүхэн томоохон дуулианд холбогдсон юм. Cambridge Analytica компани энэ олон нийтийн сүлжээний 87 сая хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар цуглуулж, гуравдагч этгээдүүдэд, тэр дундаа АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн өмнөх штабт өгсөн гэх мэдээлэл байна. Харин сонгуулийн штаб нь үүнийг улс төрийн зар сурталчилгаандаа ашигласан гэжээ. ICO-ийн мэдээлснээр Cambridge Analytica түүнчлэн 1 сая британи хэрэглэгчийнхээ мэдээллийг өгсөн гэнэ.
Энэ дуулианаас болж Facebook компанийн тэргүүн Марк Цукерберг хоёр ч удаа АНУ-ын Конгресст сонсгол хийхэд хүрсэн юм. 2019 оны долдугаар сард Facebook компани АНУ-д 5 тэрбум долларыг Cambridge Analytica-гийн дуулиантай холбогдуулан торгууль маягаар төлөхөөр болсон. Энэ бол үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг хадгалах журмаа зөрчсөн компаниудаас хамгийн өндөр торгууль тавьсан түүх болсон юм.
Cambridge Analytica-гийн тухай
Энэ бол интернэтээр сонгуулийн кампанит ажлын явцад стратегийн харилцаа боловсруулах зорилгоор олон нийтийн сүлжээний мэдээлэл зэрэг бусад мэдээлэлд гүн дүн шинжилгээ хийх технологийг ашигладаг Английн хувийн компани юм. 2013 онд байгуулагдсан, бизнес эрхлэгч Роберт Мерсер эзэмшдэг компани юм байна.
Интернэт, олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн тухай мэдээллийг цуглуулж, тэдний сэтгэл зүйн дүр зургийг гаргаж, тусгайлан зориулсан зар сурталчилгаа гаргадаг. Ингэхдээ Кембрижийн их сургууль, Стэнфордын бизнесийн дээд сургуулийн сэтгэлзүйчид, Михал Косинскийн гаргасан алгоритмээр мэдээллээ боловсруулдаг. 2014 онд л гэхэд тус компанийн мэргэжилтнүүд АНУ-д сонгуулийн 44 кампанит ажилд оролцсон байдаг.
2015 онд Cambridge Analytica Тед Крузын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцож, 2016 онд Крузыг сонгуулиас гарсны дараа Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцсон байдаг.
Энэ компанийн мэргэжилтнүүдийг Их Британи улсыг Европын холбооноос гарах асуудлаар санал хураахад, мөн Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениатын сонгуульд нөлөөлсөн гэж үздэг.
Өнгөрөгч 2018 оны гуравдугаар сард Channel 4 теле компани баримтат кино гаргаж, энэ окмпанийг дэлхий даяар 200 гаруй сонгуулийн явцад нөлөөлсөн гэж нотолжээ. Тус сувгийн сэтгүүлч Шри-Ланкийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэж байгаа үйлчлүүлэгч болон хувирч, 2017 оны арваннэгдүгээр сараас 2018 оны нэгдүгээр сарын хугацаанд Лондоны тансаг зочид буудлуудад Cambridge Analytica-гийн хэд хэдэн ажилтантай уулзсан байна.
Энэ ярилцлагын үеэр фирмийн тэргүүн Александр Никс нь Аргентин, Кени, Нигери, Чех гээд дэлхийн өнцөг булан бүрт 200 гаруй сонгуульд хутгалдан орсноо хүлээжээ. Түүнчлэн Никс нууц материал авах зорилгоор Cambridge Analytica компани нь нэр дэвшигчдийн гэр рүү биеэ үнэлэгчид явуулдаг гэсэн байна. Channel 4-ийн сэтгүүлчтэй Никсээс гадна удирдлагын хэлтсийн захирал Марк Тернбулл, мэдээллийн шинжээч Алекс Тайлер нар уулзацгаажээ.
Тернбулл компанийн ажилтнуудаа олон нийтийн сүлжээ болон зарим сайтаар нэр дэвшигчдийн тухай нууц мэдээлэл цацдаг гэсэн байна. Үйлчлүүэгчийн хүсэлтээр Cambridge Analytica ажиллагаагаа энгийн жуулчнаас их сургуульд сургалтын ажлаа гүйцэтгэж байгаа оюутны дүрээр явуулж чадна гэсэн байна. Ингээд удалгүй Cambridge Analytica-гийн сайтад “Хууль ёс, нэр хүндээ хадгалах нь маш өндөр ач холбогдолтой зүйл.
Бид үйлчлүүлэгчдээ ёс бус, хууль бус зүйл хийлгэх гэж байна уу гэдгийг нь тодорхойлохын тулд байнга уулзалт явуулдаг юм. Cambridge Analytica-гийн удирдах шатны хоёр ажилтан энэ асуудлаар тоглолт хийж, үйлчлүүлэгчийнхээ цаад санааг тандаж мэдэх гэж оролдсон. Тэд ч уулзалтаас маш их болгоомжилсон байдалтай яваад бидэнтэй дахиж холбогдоогүй” гэх утгатай зүйл ярьжээ. Харин Никс энэ уулзалтад оролцсондоо маш их харамсаж байна гээд Cambridge Analytica худал мэдээлэл өгдөггүй, авлига хээл хахууль авдаггүй, хэнийг ч биеэ үнэлэхээр явуулдаггүй гэжээ.