Хонконг: Бямба гаригийн шөнө цагдаа нар үймээний улмаас тоосго чулуу, хогонд дарагдсан Политехникийн их сургуулийн эргэн тойрон дахь замыг цэвэрлэхийг оролдсон боловч оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарчээ.
Жагсагчид хүчтэй эсэргцүүцэл үзүүлж, тэр хавьд явж байсан энгийн хүмүүсийн аюулгүй байдлыг үл тоомсорлосон учраас нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг тараахыг оролдсон гэж цагдаагийн газар Ням гаригт мэдэгджээ.
Политехникийн их сургуулийн 23 настай эсэргүүцэгч CNN-д ярихдаа “Бид энэ үймээнийг төлөвлөгөөгүй байсан, одоо цагдаа нар хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг хүлээж байна. Хэрэв бид эрх чөлөөгөө хамгаалахгүй бол өөр хэн ч бидний эрх чөлөөг хамгаалахгүй. Политехникийн их сургууль бол миний гэр” хэмээн ярьсан байна.
Ням гарnгт жагсагчид их дээд сургуулийн байрны тагтан дээрээс цагдаагийнхны зүг тоосго болон бензин бусад зүйлийг шидэлж эхэлжээ. Өндөрт байрласан жагсагчид тоосгон мөндөр буулгаж, бензин тэсрэх бөмбөг гэх мэтийг ашигласан учраас цагдаагийн автомашинууд урагшлахад хүндрэл учирсан байна. Гэмтэж бэртсэн иргэдэд анхны тусламж үзүүлэхэд хэцүү ноцтой аюул учирсан гэж цагдаагийнхан мэдэгджээ.
Үймээнтэй холбогдуулан Засгийн газар ням гаригт “Даваа гаригт бүх сургуулийг дахин хаана” гэж мэдэгдсэн нь эсэргүүцлийн жагсаалыг хот даяар үргэлжлэх төлөв рүү оруулжээ. Жагсагчид ба цагдаагийнхны хооронд болсон мөргөлдөөний үеэр 70 настай эрэгтэй тоосгонд оногдож амиа алджээ. Цагдаа нар эсэргүүцэгчдийн чулуудсан зүйл түүнийг алахад хүргэсэн хэмээн буруутгаж байна.
Төв их сургуулийн кампусыг цагдаагийнхан бүслэх үеэр Хонконгийн цагдаагийн офицер шархдан эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Тоосго, бензин бөмбөг, тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн хэдэн зуун жагсагчид кампус орчмын замд хэдэн цагийн турш цагдаагийнхантай мөргөлдсөн юм. Эрх баригчид тэдний өглөөнөөс орой болтол эсрэг нулимс асгаруулагч хий, усны их буу ашиглаж, хариу арга хэмжээ авлаа.
Сүүлийн өдрүүдэд хүчирхийлэл ихэсч, жагсагчид цагдаагийнхны эсрэг нум сум хэрэглэж эхэлсэн бөгөөд Ням гарагийн үдээс хойш болсон зодоон дээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан суманд оногдсон байна. Цагдаагийнхан их сургуулийг мөргөлдөөний гол цэг болгон эзэмшиж байгаа бүлэглэлийг “үймээн самуун дэгдээгчид, эсэргүүцлийн жагсаалыг хүнд хэлбэрт оруулсан хүнд хорих ял онооно” гэдгээ мэдэгджээ.
Хонконгийн Политехникийн их сургууль нь өнгөрсөн долоо хоногт Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнийхны мөргөлдөөний цэг болгон ашиглаж буй олон тооны их сургуулийн зөвхөн нэг нь юм. Гэхдээ бусад оюутны хотхонуудаас ялгаатай нь Хонконг их сургууль, Политехникийн их сургууль нь хотын төв хэсэгт, хөндлөн боомтын туннелийг багтаасан хэд хэдэн томоохон замд ойр байрладаг бөгөөд жагсагчид эдгээр замыг хааж, хотын нийтийн тээврийн системийг сүйтгэжээ.
Политехникийн их сургуулиас 50 метр зайд Хятадын Ардын чөлөөлөх армийн (PLA) бааз байрладаг ч жагсагчдыг дарахын тулд тус улсын цэргийн хүчийг ашиглана гэсэн шинж тэмдэг одоогоор алга байна.
Хэрэг явдалтай холбогдуулж, Ням гаригийн орой Хонконгийн Мэргэжлийн багш нарын холбоо, Их сургуулийн ажилчдын холбоо мэдэгдэл хийсэн бөгөөд тэд оюутнууд болон гадаадын иргэдийн аюулгүй байдалд “маш их санаа зовж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN