Дэлхийн хэмжээнд 1980 оныг 2017 онтой харьцуулахад чихрийн шижин эмгэгтэй хүний тоо 108-422 сая болж нэмэгджээ. Улмаар 2040 он гэхэд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо 600 саяд хүрнэ гэж тооцоолж байна.
Уг эмгэгийн нийт тохиолдлын 90 хувийг “Чихрийн шижин хэв шинж-2” эзэлдэг байна. Хамгийн сүүлийн судалгаагаар Монгол Улсад чихрийн шижингийн тархалт 6.5 хувь, чихрийн шижингээр өвдөх магадлалтай хүний тоо 9.5 хувьтай байгаа юм.
“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 11-р сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалъя” уриан дор Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Диабетийн төвийн дотоод шүүрлийн эмч, сургагч багш, хоол зүйч нар хамтран өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд 200 гаруй үйлчлүүлэгч хамрагдаж, Дотоод шүүрлийн булчирхай, хавдар, уламжлалтын эмчийн үзлэг, сахар, B C вирусын түргэвчилсэн шинжилгээ, цусны даралт хэмжилт, биеийн жингийн индекс тодорхойлж, эрүүл зөв хооллолт, сэтгэлзүйн зөвлөгөө өглөө.
Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд тусгай хөтөлбөрийн дагуу “Хяналтаа сайжруулж, хүндрэлээс сэргийлье”, “Чихрийн шижин өвчнөөс гэр бүлээ хамгаалъя” сэдвээр сургалт мэдээлэл хийлээ.