Хүүхдийн Эрхийн тухай конвенц батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Хүүхдийн эрх, хамгааллын эрх зүйн орчинг сайжруулах нь” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ нь хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах чиглэлээр дэлхийн улс орнуудын эрх зүйн зохицуулалт, туршлагын талаар санал солилцох, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай болон Эрүүгийн хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахад чиглэсэн саналын төсөл боловсруулан холбогдох байгууллага, шийдвэр гаргагчдад өргөн барих зорилготой юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, “Гүүд Нэйборс” ОУТББ хамтран зохион байгуулах тус хэлэлцүүлэгт хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний гишүүд нийт 80 гаруй хүн оролцоно. Хэлэлцэх асуудал “Монголын хүүхдийн эрх, хамгааллын өнөөгийн байдал”, “Зарим улс, орнуудын хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах талаарх эрх зүйн зохицуулалтын харьцуулсан шинжилгээ”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Эрүүгийн хууль” дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах санал байна.