Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхлэхээр болсон. Эхний ээлжинд 29 байршилаас ерөнхий боловсролын 33 сургуулийн 3000 гаруй 2-5 дугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болжээ. Сургуулийн автобуснууд дээр чиглэлийн маршрут болон “Хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийн байршил тогтоох чипийг суурилуулжээ. Ингэснээр эцэг, эхчүүдийн гар утсанд автобусны маршрутын мэдээлэл очиж, хүүхдээ хаана явж байгааг мэдэх боломжтой юм байна.