УИХ-ын чуулганы хуралдаан дээр эрхэм гишүүд асуулт асуух, хариулт авах, санал хэлэх нь “ёс” төдий л үйлдэл болжээ. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асуух боловч, гуйвуулж, дайвуулан, бөөрөнхийлж хариулаад л өнгөрнө. Асуултаа оносон хариултыг чуулганаас сонсоно гэдэг бэрх. Ялангуяа улс орны бодлого, төлөвлөлттэй холбоотой асуулт бол ямар ч хариултгүйгээр, хариулсан болоод л өнгөрдөг болжээ.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь төсөв хэлэлцэх үед их чухал асуулт асуусан. Гэвч хариулт нь “өөр арга алга даа” гэснээс цааш явсангүй.
Тодруулбал, Н.Оюундарь гишүүн: Нийгмийн даатгалын сангийн орлого 2,2 их наяд, зарлага 2,5 их наяд. Зөрүү нь 300 тэрбум гаруй төгрөгийг хаанаас нөхөх вэ гэдэг асуудал үүсээд байна.
Нийгмийн халамжийг хэт хавтгайруулж, 756 тэрбум төгрөгийг халамжид зарцуулж байгаа. Төсвийн мөнгө ажлын байр бий болгоход зарцуулагдах ёстой атал эсрэгээрээ халамжид урсаад байна.
Цаашид 83 төрлийн халамжид 756 тэрбум төгрөгөө тараасаар байх уу, эсвэл хөгжлийн бодлого руу чиглүүлэх үү гэдгийг бодох хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогч болон ажилтан нийлээд 26 хувийг төлөхөөр болж байгаа нь хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, хөдөлмөр эрхлэгчдэд дарамт болж байна. Манайд ажиллах хүчний оролцоо хангалтгүй. Үндсэндээ ажил эрхэлж буй 889 мянган иргэн бий. Үүний 200 мянган нь төрийн алба хаагч. Тэгэхээр хувийн секторт ажиллаж байгаа 700 мянган орчим хүн л нийгмийн даатгалын санг бүрдүүлж байна гэсэн үг.
Гэтэл буруу бодлогын үр дүнд бий болсон алдагдлаа тэдний нуруун дээр үүрүүлэх гээд байна. Төр уг нь аж ахуй нэгжүүдээ бодлогоор дэмжиж өсгөж, өндийлгөх ёстой атал эсрэгээрээ дарамт болоод байна. Нийгмийн даатгал төлж байгаа иргэдийн мөнгө улс орны хөгжилд зарцуулагдахгүйгээр халамжид зориулагдаж байгаа нь гажуудал. Үүнийг ОУВС-д чихэхийн оронд эргэж харах хэрэгтэй. ОУВС-ийн хөтөлбөрөөс үл хамаарч бодлогын өөрчлөлт хийхгүй юм уу? Бодлогын өөрчлөлтөө хэзээ оруулж ирэх вэ? Аж ахуй нэгж, ажилчин ангид дарамт болохгүй байх ямар арга зам байгааг хайж үзсэн үү?
Б.Баттөмөр гишүүн: Өнгөрсөн 30 жилийн нийгмийн даатгалын тогтолцоонд ийм л дүр төрх бий болж. Н.Оюундарь гишүүн чухал асуудал хөндлөө. Нийгмийн даатгалын сан 2,3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 2,5 их наяд төгрөгийн зарлага гаргаж байгаа. Үндсэндээ төсвөөс 400 орчим тэрбум төгрөгийн татаас авдаг. Манай ажиллах хүчний оролцоо маш бага. Хөдөлмөрийн насны 10 хүний 5 нь ажил хийдэг. 50 хувь нь гэсэн үг. Гэтэл урд хөршид энэ үзүүлэлт 85 хувь, ОХУ-д 60 хувьтай. Манайд ийм доогуур байгаа нь ажлын байрны олдцоос гадна ажиллах хүчний оролцоо бага байгаатай холбоотой.
Цаашид ажлын байр олноор бий болгож, тэр хэрээр даатгалын сангууд өргөжнө. Энэ удаа ОУВС-д өгсөн амлалтаараа нийгмийн даатгалын шимтгэлийг ингэж төлөвлөхөөс өөр аргагүй.
Гарц шийдэл хайсан асуулт… Ийм хариултын өмнө
1 comment
26 хувь харин ч багадаж байна . Харин 35 хувь болговол за нэг арай яадан ОУВС үүрэг даалгаврыг биелүүлэх байх шүү