Хүний эрхийн үндэсний байгууллагад тавигддаг шаардлага Монгол Улсад хэр нийцтэй байна вэ? Парисын зарчимд нийцсэн хараат бус, бие даасан байгууллагын хууль эрх зүйн орчинг сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа талаар өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид олон талаас нь санал бодлоо солилцов.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдан гарах зарим хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран 2019 оны 11 дүгээр сарын 13-нд Төрийн ордонд зохион байгуулж, иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн болон олон улсын байгууллага, олон нийтийн төлөөллийн саналыг сонсов.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь нээж, Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хуулийн төслийн шинэчилсэн найруулга, төслийг танилцуулллаа. “Хүний эрхийн үндэсний байгууллагад тавигдах шаардлага ба ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг танилцуулж мэдээлэл хийлээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны 48/134 дүгээр тогтоолоор Парисын зарчмыг баталж, олон улсын гэрээ, конвенцид заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг хүлээн зөвшөөрч, түүнийг хангаж, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг бүхий хүний эрхийн үндэсний байгууллага байгуулахыг гишүүнд орнууддаа уриалсан байдаг.
Уг зарчмаар бол хүний эрхийн үндэсний байгууллага нь Үндсэн хууль, эсвэл бие даасан хуулийн дагуу байгуулагдсан байх, хараат бус, бие даасан, олон ургальч төлөөлөлтэй, санхүүгийн болон хүний хангалттай нөөцтэй, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн эрх хэмжээ нь аль болох өргөн хүрээтэй байх, иргэний нийгэмтэй хамтран ажиллах боломж бүрдсэн байх шаардлагатай.
Тэгвэл өнөөдрийн байдлаар дэлхийн 66 улс ХЭҮК, 45 улс омбудсмен, 8 улс судалгааны хүрээлэн, 4 улс зөвлөлдөх зөвлөлийн загварыг сонгосон байдаг. Юуны өмнө ХЭҮК нь хүний эрхийн асуудал хариуцсан цорын ганц төрийн байгууллага биш юм. Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо нь төрийн механизм буюу УИХ, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, Засгийн газар, яамд, агентлаг, газрууд, түүнчлэн шүүх эрх мэдлийн байгууллагууд бөгөөд бие даасан механизм нь хүний эрхийн үндэсний байгууллага, туслах механизм нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, иргэний нийгэм хэмээн үздэг.
Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль нь бараг 20 жилийн өмнө батлагдсан, нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага зайлшгүй байсан төдийгүй нэр томъёоны тодорхойлолтоос эхлээд ХЭҮК-ын чиг үүрэг, УИХ, ЗГ, прокурорын байгууллагатай харилцах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх, иргэний нийгмийн зөвлөл байгуулах, Монгол Улсын нэгдэн орж соёрхон баталсан Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцийн Нэмэлт Протоколын дагуу “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм”-ыг байгуулах зэрэг асуудлыг тусгахаар санал оруулсныг онцлон танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн барьсан бусад хуулийн төслийг http://forum.parliament.mn/projects/10695 холбоосоор үзэж, танилцана уу.