Өнгөрөгч 7 дугаар сард Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын нээлтэд оролцохоор Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Ясухиро Шинохара Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. Энэ үеэр УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, дэд сайд Ясухиро Шинохараг хүлээн авч уулзаж, хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монголд гибрид хөдөлгүүртэй автомашины тоо ихээр нэмэгдсэн тул ашиглалтаас хасагдсан батерейг дахин боловсруулах, устгах шаардлага бийг дурдаад ашиглалтаас хасагдсан автомашин, түүний хар тугалганы, никел металлын, никель устөрөгчийн, литийн ионы зэрэг аккумлятор дахин боловсруулах үйлдвэрийг Япон Улсын техникийн туслалцааны хүрээнд Монголд байгуулах саналыг тавьсан билээ.
Тэгвэл дээрх асуудал тодорхой үр дүнгээ өгч “Ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын форум манай улсад зохион байгуулагдлаа.
Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, БНСУ-ын Койка олон улсын байгууллага, “Монгол авто ресаикл парк” ХХК зэрэг төрийн болон олон улсын байгууллагууд хамтран Монгол Улсад ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, үйл ажиллагаа явуулах, эрх зүйн орчныг бий болгох зорилгоор энэхүү форумыг зохион байгуулав.
Зам, тээврийн хөгжлийн яам дээрх асуудлыг бодлогын хэмжээнд анхаарч, эрхзүйн орчныг бүрдүүлэхээр энэ сарын 17-ны өдрийг хүртэл “Тээврийн хэрэгслийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-д санал авч байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.