“Аргументы и факты” сонин Монгол Улсын иргэн эмэгтэй Хиагтын хилээр 27 кг хаш чулуу нэвтрүүлэхийг завдсан тухай мэдээлжээ. ОХУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Монголын иргэн эмэгтэйн автомашинд үзлэг хийх үеэр энэ зөрчил илэрсэн гэж Буриадын гаалийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Улмаар машиныг тусгай төхөөрөмжөөр шалгаж, машины арын суудлын араас түүхий хаш чулуу илрүүлжээ.

Энэ сарын 12-ны өдөр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хаш чулуу нь 27,2 кг жинтэй, 205 мянган рубль буюу 8,4 сая орчим төгрөгийн өртөгтэй байсан гэнэ. Саатуулагдсан эмэгтэй “үл таних эрэгтэй гуйснаар тодорхой хөлс аван үнэт чулуун гоёл чимэглэл зөөсөн” хэмээн мэдүүлжээ.

Түүнд ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  16.3 дугаар зүйлд зааснаар захиргааны хоёр хэрэг үүсгэсэн байна.  Энэ хэсэгт  зааснаар хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бараа болон тээвэрлэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах, тухайн бүтээгдэхүүний өртгийг хоёроос гурав дахин нугалсантай тэнцэх мөнгөн торгууль ногдуулдаг аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн