УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ.
Улсын хэмжээнд 912 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж авч байгаа. Энэ нь нийт хүүхдийн 80 хувь нь юм. Ирэх оны төсөвт улсын төсвөөс 218 тэрбум төгрөгийг суулгасан бөгөөд хүүхэд бүрт 100 хувь тэтгэмж өгнө гэвэл дахин 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг 2020 оны улсын төсөвт суулгажээ.
УИХ-аас энэ тогтоолын төслийг баталснаар бүх хүүхэд хүүхдийн мөнгө авах боломжтой болно гэж гишүүд үзэж байна.
Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд 2018 онд санаачилсан. Төрийн өндөр албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг айлын хүүхдүүд энэ мөнгийг авахгүй байж болно. Харин амьдралд нь энэ мөнгө үнэхээр хэрэгцээтэй хүмүүст өгье гэдэг агуулгаар тогтоолын төслийг өргөн барьсан хэмээн санаачилагчид нь хэлж байсан юм.