Атлантын далайн эрэг хавиас сүүлийн өдрүүдэд Францын цагдаа нар их хэмжээний кокайн илрүүлж эхэлсэн байна. Сайн чанарын цэвэр кокайн өдөр бүр далайн давалгаанд шидэгдэн эрэг дээр гарч ирж байгаа нь хууль сахиулах байгууллагынхныг гайхшруулж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар 760 гаруй килограм кокайн бүхий тээшийг Атлантын эргийн дагуу 500 орчим километр үргэлжилсэн газраас хураагаад буй аж. Үүнийг хар захын ханшаар тооцвол 60 сая еврогийн үнэ хүрнэ гэж баруун эргийн Рен хотын цагдаагийн газар мэдээлжээ.
Зөвхөн Ням гарагт тус хотын ойролцоох Луар-Атлантик наран шарлагын газраас 14 кг орчим мансууруулах бодистой баглаа илэрчээ. Ил олдож байгаа тээшийг хэрэглэхгүй байхыг цагдаагийн газар иргэдэд анхааруулжээ. Учир нь цэвэр кокайныг шууд хэрэглэвэл тун хэтрэх аюултай юм байна.
Рен хотын прокурор Филип Аструк эдгээр мансууруулах бодисыг Өмнөд Америкаас гаралтай гэж үзэж байгаа гэнэ. Францын хууль сахиулах байгууллагынхан Атлантын далайд хар тамхины наймаачдын хөлөг онгоц осолдсон эсэхийг шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажилд ойр эх сурвалжийн мэдээлснээр боодолтой кокайн нэг сарын өмнөөс эхлэн Нантес хотоос Биарриц хот хүртэл эрэг дагуу илэрч эхэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian