Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах шалтгаанаа ФАТФ-тай холбож байгаа нь улс төрийн шалтгаантай” – updown.mn

“Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах шалтгаанаа ФАТФ-тай холбож байгаа нь улс төрийн шалтгаантай”

Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор хэн нэгэн буруутныг хайж эхэлсэн. Улмаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг буруутайд тооцож, хариуцлага тооцохоор болсон.

Тэднийг үүрэгт ажлаас нь огцруулахаар УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцохоор ярьж байгаа нь, хугацаанаас нь өмнө хараат бус байдалд нь халдаж буй талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.

Ж.Дэлгэрсайхан: Засгийн газар дотор байгаа буруутнуудыг шийтгэх чадамж УИХ-д алга

СЭЗИС-ийн багш, эдийн засагч

-Төв банкны бие даасан байдлыг хангах асуудалд дэлхийн нийтээр л анхаарч байна. Гадаадын орнуудад хараат бус байдлыг хангахын төлөө маш сайн ажилладаг. Манайх уг нь хуультай. Төв банк хараат бус байх ёстой. Ерөнхийлөгч нь зургаан жилээр ажиллана гээд. Монголбанкны Ерөнхийлөгчийг ийм ойр ойрхон сольдог нь улс төрийн шинж чанартай л гэж харж байна. Төв банк сүүлийн үед хамтын шийдвэр гаргадаг болсон. Засаглалын хувьд сайжирсан. Эрх зүйн орчин ч маш сайжирсан байна.

Миний бодлоор Монголбанк харьцангуй академик, шинжлэх ухаанд суурилсан, судалгаатай шийдвэр гаргадаг. Тэр утгаараа Монголбанк үндсэн зорилгынхоо төлөө ажилладаг. Ажиллаж ч яваа. Байнгын хорооны хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа үндэслэлүүдийг сонссон биз дээ.  Их өнгөцхөн, төв банкны хийсэн ажил таалагдаагүй л гэж яриад байгаа юм. Байнгын хорооны гишүүдийг “Яг юу нь таалагдаагүй юм” гэж асуувал тоймтой хариулт олж сонсохгүй л байх.

Учир нь Монголбанк Засгийн газрын хэт үрэлгэн бодлогын эсрэг эрсдэлээс хамгаалах бодлогоо л барьж байгаа. Эдийн засагт болзошгүй эрсдэлийг хязгаарлахын тулд ажилласан. Ажлаа ч сайн хийж байгаа гэж би боддог. Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах шалтгаанаа ФАТФ-тай холбож байгаа нь ч бас эргэлзээтэй. Үүнийг улс төрийн шалтгаантай холбож ойлгохоос өөр ямар ч арга байхгүй.

Учир нь ФАТФ-ын бидний биелүүлээгүй гэж үзээд өгсөн зөвлөгөөнд Төв банк, санхүүгийн зохицуулах хороотой холбоотой нэг ч өгүүлбэр байхгүй. Улс орны хэмжээний тогтолцоо чинь ажиллахгүй байна. Гааль, хуулийн байгууллага нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж чадахгүй. Шалгаж, шийтгэж чадахгүй байна гэсэн улс орныг хамарсан, авлига хээл хахууль, мөнгө угаахтай холбоотой асуудлаа шийдэж, сайн ажилла л гэсэн.

Улс төрийн хүрээнд энэ асуудлаа шийдэх боломжгүйгээс болоод тодорхой хүнд хариуцлага тооцсон гэдэг зүйлийг нийгэмд харуулахын тулд Монголбанк, СЗХ руу дайраад байна. Засгийн газар дотор байгаа буруутнуудыг шийтгэх чадамж УИХ-д ч, УИХ-ын даргад ч байхгүй байх шиг. Буруутныг олъё гэж бодвол Засгийн газар, хууль хяналтын байгууллагад байна. Гэхдээ бид энэ асуудлыг залруулахын тулд эрчимтэй ажиллах ёстой болохоос хэн нэгнийг буруутгаж, уснаас хуурай гарахаар хамаг цагаа зарцуулж байгаа нь тийм ч сайн зүйл биш.

Б.Лакшми:  “Саарал жагсаалт” Монголбанк, СЗХ гэхээсээ илүү Монголыг хамарсан том асуудал  

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал

-Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах гэж байгаа нь тийм ч оновчтой шийдэл биш. Энэ байгууллага улс төрөөс хараат бус байх нь хамгийн чухал. “Саарал жагсаалт”-д гэсэн мэдээлэл гарахтай зэрэгцээд өөрсдийнхөө нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр шууд буруутан хайж эхэлсэн. “Саарал жагсаалт”-д орсон нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны асуудал гэхээсээ илүүтэй бүхэл бүтэн системийн асуудал. Санхүүгийн салбарыг хамарсан ч асуудал биш.

Монгол Улсыг хамарсан том асуудал юм. Ийм том асуудалд ганц хоёрхон хүнд хариуцлага тохоод өнгөрч болохгүй. “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор бид дүгнэлтээ хийгээд, цаашид ямар алхам хийвэл үүнээс гарах боломжтой вэ гэдгээ ярих ёстой. Цаашид яах тухайгаа огт яриагүй байж хариуцлага тооцох талаар ярьж байгаа нь өрөөсгөл. Манайд нэг том асуудал байдаг. Шинэ хүн гарч ирэхээрээ л өмнөх хүнийхээ хэрэгжүүлж байсан бодлогыг үргэлжлүүлэхгүй, өөрчлөөд явчихдаг. Монголбанк сүүлийн хэдэн жил эдийн засгаа дэмжсэн, зөв бодлого явуулж байсан. Энэ талаар бүхий л эдийн засагчид ярьж, хүлээн зөвшөөрдөг. Тогтвортой л үйл ажиллагаа явуулах нь чухал байна.

Г.Ганзориг: Хаа хамаагүй хүн рүү чихэж, асуудлаа шийдсэн дүр үзүүлж байна

Эдийн засагч

-“Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор шийдвэр гаргаж байх шиг байна. “Саарал жагсаалт” гэдэг Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг тодорхойлдог зүйл огт биш. Гэтэл Монгол Улсад орж ирэх валютын урсгал их байх уу, бага байх уу гэдгийг тодорхойлдог зүйл нь зээлжих зэрэглэл.  Засгийн газар зээлжих зэрэглэлээ сайжруулах талаар нэг ч арга хэмжээ авахгүй мөртлөө “Саарал жагсаалт” гээчийг гаргаж ирээд, валютын урсгал татраад, улс сүйрэх гэж байгаа юм шиг яриад, хаа хамаагүй хүн рүү чихэж, асуудлыг шийдсэн дүр үзүүлж байна.

Монголд ажил хийж байгаа хүнийг халах, буулгах тухай их ярьдаг. Орлох хүн нь хэн байх талаар огт ярьдаггүй. Дараагийн хүн гарч ирээд юу хийхээ бас ярьдаггүй. Зүйрлэх юм бол, ганц хоол хийж байгаа хүнээ хөөж явуулах гээд байдаг. Хэн дараа нь, ямар хоол хийх юм, тэр нь ерөөсөө тодорхойгүй. Үүнтэй л ойролцоо үйл явдал болох гээд байна.

Г.Бумчимэг:  Асуудлаа шийдэх биш буруутныг хайхад л төвлөрөөд байна

Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал

-Төв банк хараат бус байх ёстой. Гэтэл төв банк үүссэнээс хойшхи түүхийг харахад, УИХ Монголбанкны Ерөнхийлөгчийг хугацаа нь дуусахаас өмнө огцруулдаг жишиг тогтчихоод байна. Энэ маш буруу. Үндсэн чиглэлээ хэлэлцүүлээд, УИХ-аар батлуулчихдаг. Тийм байтал удирдлагыг нь сольдог гэдэг чинь хараат бус байна гэж хэлэхэд тун хүндрэлтэй. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх асуудлыг бид ярих ёстой.

Манайхан аливаа асуудлыг шийдэхдээ юу хийхдээ төвлөрдөггүй. Хэн нэг буруутныг хайхад төвлөрөөд байна. Анзаараад байхад ФАТФ-ын өгсөн үүрэг даалгаврыг яаж биелүүлэх вэ гэж төвлөрч ярилцахаасаа илүү хэнд хариуцлага тооцох вэ гэдэгт илүү анхаар хандуулж байгаа харамсалтай. Төв банкны Ерөнхийлөгчийг ингэж хурдан сольж боломгүй байна. Мөнгөнийн бодлогын зөвлөлийн гишүүдийг ч гэсэн маш хурдан сольдог. Ийм баймааргүй байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн