АТГ нь хуульд заасан ил, далд аргаар авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ ч биелүүлэхийн төлөө манай албан хаагчид цаг наргүй ажиллаж байна. Энэ ажлын бодит үр дүн ч эхнээсээ гарч байгаа. Тиймээс албан тушаал, албаны бүрэн эрхээ аливаа хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх арга, хэрэгсэл гэж харж байгаа хүмүүс энэ бодлоосоо татгалзах хэрэгтэй гэдгийг дамжуулж өгөхийг сэтгүүлчдээс хүсэж байна.
АТГ-т ажилладаг, ажиллаж байсан гэх мэтээр байгууллагын нэр барьж, тендерт дэмжлэг хүсэх, шалгагдаж байгаа асуудал дээр өмгөөлөгчөөр туслалцаа үзүүлнэ, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулахыг хүссэн тохиолдлыг дотоод хяналтаараа илрүүлэн харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Түүнчлэн төрийн албан хаагчид нэгнийгээ АТГ-аас дуудаж байгаа мэтээр утсаар ярьж ирүүлсэн асуудал ч гарсан. Тиймээс иргэд, олон нийтийн зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэхээс гадна манай албан хаагч нарын нэр барьсан энэ мэт хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг 110 тусгай дугаарт өгч бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна гэж АТГ-аас мэдээлэв.