Үндэсний бөхийн ууган галуудын нэг “Увс нуур” галын түүхт 20 жилийн ойд зориулан, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын яамны сайд, “Увс нуур” галын тэргүүн Н.Цэрэнбатын санаачлагаар “Увс нуур” дууны гэрэлт хөшөөг энэ сарын 10-нд Увс нуурын хөвөөнөө босголоо.
Нээлтийн арга хэмжээнд “Увс нуур” галын тэргүүн Н.Цэрэнбат, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, улсын аварга О.Балжинням, улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, аймгийн удирдлагууд, “Увс нуур” дууны ая зохиогч МУГЖ Г.Тэрбиш, яруу найрагч Г.Жанчив гуайн дүү Г.Дамдин болон Увс аймгийн болон хөрш зэргэлдээх ОХУ-ын Тува улсын төлөөлөгчид, иргэд оролцов. Мөн Дэчинравжаалин хийдийн лам хуврагууд ном хуржээ.
Увс нуур дууг Увс аймгийн сүлд дуу болгох шийдвэрийг 2008 онд аймгийн ИТХ-аас баталсан. Цэнхэр тэнгэрийн орондоо үргэлжид дуулагддаг, төв цэнгэлдэх хүрээлэнд хэдэнтээ цуурайтсан алдарт дууны хөшөөг ийнхүү Увс нуурын хөвөөнд сүндэрлүүлэв.