Өнөөдөр Завханы нутаг, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд
12-нд ихэнх нутгаар, 13-ны шөнө зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 11 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгий зарим газраар секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 0-2 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр ямар арга хэмжээ авах вэ?
-Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг биелүүлэх
– Гэр, орон байрнаасаа гарахгүй байх
– Гал түймрийн аюулаас болгоомжлох, шаардлагатай тохиолдолд цахилгааныг салгах
-Аль болох даарахгүй байх, илчлэг сайтай хоол унд хэрэглэх
-Аян замд гарахаас зайлсхийх
-Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх
-Ойр дотнынхондоо мэдээлэх
-Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа/-д мэдээлэх, бусдад хүргэх
Зөвлөмж:
– Зузаан, хүнд хувцас өмсөх нь хүйтэнд дулааныг сайн хадгалдаггүй. Зузаан хувцасласнаас хөлөрч, хөлсөндөө жиндэн улмаар жиндэх аюултай. Иймээс хүчтэй салхи шуургатай үед гадагш зайлшгүй гарах тохиолдолд дулаан, биед элбэг таардаг, хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх нь хөлрөх, даарахаас сэргийлнэ.
—Гадуур хувцас нягт нэхээстэй, ус нэвтэрдэггүй, юүдэнтэй байх нь тохиромжтой.
– Хүний биеийн дулаан толгойгоороо их алдагддаг тул малгай өмсөх хэрэгтэй.
– Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах нь зүйтэй.
– Зайлшгүй гарах тохиолдолд хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ асран хамгаалагчтай үлдээх
– Төөрч, осгохоос болгоомжлох
– Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх
– Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой мэдээллийг мэдээллийн хэрэгслийг ашиглан шуурхай, цаг алдалгүй холбогдох газарт мэдэгдэх.