Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хотын төвийн хэсэг үндсэн байгууламж бүхий авто замын сүлжээтэй боловч сүлжээний нягтрал, хөдөлгөөний эрчим, уулзваруудын нэвтрүүлэх чадавх хангалтгүй, авто замын сүлжээний холбоос замууд дутуу, уулзваруудын нэвтрүүлэх чадвар муу байдаг. Тиймээc Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан, эрчимтэй хөгжиж буй дагуул хот, тосгод, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой харилцаанд суурилсан хотын хөгжлийн дэмжсэн, зам тээврийн оновчтой сүлжээг төлөвлөн хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат Чингэлтэй дүүргийн IX, X, XI хороодын гудамж талбайн авто замын сүлжээг сайжруулахаар төлөвлөж, Авто замын хөгжлийн газарт саналаа хүргүүлжээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн IX хорооны замын хөдөлгөөний орц гарц болсон гол гудамж талбайн замыг төв замтай холбосон авто зам тавих, X хороонд Азийн хөгжлийн банкны гэр хорооллыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд баригдах 240 хүүхдийн ортой цэцэрлэг болон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөгдсөн бүтээн байгуулалтын хүрээнд цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн рүү орох авто зам, мөн тус дүүргийн XI хорооны Нуурын 15, 18 дугаар гудамжинд хоёр цэцэрлэг ашиглалтад орсонтой холбогдуулан авто зам тавих зэрэг хэд хэдэн ажлуудыг санаачлан 2020 оны төсөвт тусгахаар ажиллаж байгаа юм байна.