Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байсан хүмүүст эрүү шүүлт тулган эрүүл мэндийг нь хохироосон хэрэгт буруутгагдан шалгагдсан байна. Тодруулбал, Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Чинзоригийг хэргийн холбогдогчийг зодож, эрүү шүүлт тулгасан хэргээр Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгох ялаар шийтгүүлжээ. Давж заалдах шатны шүүх түүнд оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.
Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 19-ний 09.00 цагт Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга ажилтай, хошууч Г.Энхтулга, мөрдөгч, хошууч Д.Бүрэнбаатар, ахмад Б.Батбаяр нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдааныг хийх товоо зарлажээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 21.12-1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл ногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон”, 11.1-1 дэх хэсгийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр энэ шүүх хурлыг энэ сарын 6-ны 09.00 цагт хэлэлцэхээр товлосон ч шүүгдэгч Г.Энхтулга, Д.Бүрэнбаатар нар нэмж өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөр оролцож буй П.Баасанжав шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан учраас шүүх хурлыг хойшлуулсан юм байна.Тэднийг хохирогч О-ыг зодож хөлийг нь хугалсан гэх үйлдэлд буруутгаж байгаа юм байна.
Дөрвөн ч алба хаагч нь бусдын эрүүл мэндийг хохироож, эрүү шүүлт тулгасан хэрэгт холбогдсон нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын удирдлагын ажил хангалтгүйтэй холбоотой гэж үзэх хүн нэг бус байгаа аж.