Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Багахангай дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан улс нийслэлийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлын явцын талаар товч мэдээлэл өгөөд иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн шат дараатай ажлууд хэрэгжүүлж байгааг дурьдлаа. “Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд иргэд та бүхний оролцоо чухал” гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм.
Иргэдээс дүүргийн Соёлын төвийн барилгыг шинэчлэн засварлах, мах боловсруулах үйлдвэрийг ажилууллах, Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай боловсон хүчний орон тоог батлуулах, Цагдаагийн хэлтсийг эргүүлийн автомашинтай болгох, гэрэлтүүлгийн агаарын шугамыг шинэчлэх, шинэ спорт заалтай болгох зэрэг тулгамдсан асуудлуудаа Хотын захирагчид уламжилж, хариулт авав.
Иргэдийн асуулт, саналд Хотын захирагч С.Амарсайхан нэг бүрчлэн хариулт өгч, дагалдан яваа холбогдох албан тушаалтнуудад тухайн санал хүсэлтийг тэмдэглэн авч, анхаарал хандуулан ажиллахыг үүрэг болгосон юм. Тухайлбал, дүүргийн Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай бүтэц орон тоог батлах ажлыг судалж хуулийн дагуу хэрэгжүүлэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад үүрэг болголоо. Мөн гэрэлтүүлгийн агаарын шугамыг шинэчлэх, шинэ спорт заалтай болгох, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх зэрэг асуудлыг яаралтай судлаж шийдвэрлэхийг дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нарт даалгав.
Хотын Захирагч уулзалтын үеэр ирэх 2020 онд Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст эргүүлийн автомашин хүлээлгэж өгнө гэлээ.