Нарны хүү сарны охин” ХХК-ний “Амар амгалан” I, II, III дугаар байранд орох захиалга өгч хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Эдгээр иргэд “Амар амгалан” хотхонд орон сууцны захиалга болгон өгсөн дөрвөн тэрбум гаруй төгрөгийг буцаан авах хүсэлтэй байгаа аж.
Хохирсон 300 орчим иргэд энэ хүсэлтээ Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт хандан гаргаж, асуудлыг анхааралдаа авна уу хэмээн мэдэгдэв.
“Нарны хүү сарны охин” ХХК-ний захирал Дариймаа овогтой Гүрсоронз, Дариймаа овогтой Одгэрэл гэх эгч дүүс нь “Амар амгалан” орон сууцны төсөл хэрэгжүүлнэ, компанийн таван хувийн зээлд хамруулна гэж иргэдээс 10-30 хувийн урьдчилгаа авсан байна. Иргэдийн гомдол гаргасан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа боловч хэргийн явц маш удаашралтай байгаа. Гүрсоронз нь батлан даалтын хугацаанд хохирогчдыг өмгөөлөгчөөрөө дамжуулан эвлэрлийн гэрээ байгуулахгүй бол мөнгийг чинь өгөхгүй гэж удаа дараа шахалт үзүүлж, өөрөө хохирогчдоос зугтаасаар байна гэсэн юм.