Дэлхийд

Ертөнцийн төгсгөл буюу дэлхий даяар цахилгаан тасарвал юу болох вэ?

-Харанхуйд удаан байгаад үзэх үү? Венесуэлийн эмнэлгийн өвчтөнүүд хэрхэн баталж байна вэ, мөн цахилгаан тасарвал бидэнд юу тохиох вэ?-

…Эмч нар үнэндээ юу ч хийж чадахгүй байлаа. Түнэр харанхуйд ярсан дэнлүүний туяа, утасны гэрэлд эмнэлгийн ажилтнууд үнэндээ өвчтөнүүдээ нүдэн дээр нь яаж үхэж байгааг л харж байлаа.

Настай эмэгтэй эмнэлэгт уушгины бөглөрөл гээд иржээ. Энэ үед зохих эм бэлдмэл хийж, тоног төхөөрөмжинд холбохгүй л бол амь насанд нь аюул заналхийлэл учруулдаг нийтлэг үзэгдэл юм. Эмч нар энэ эмэгтэйг аврахын тулд хиймэл амьсгал аппарат хэрэгтэй. Энэ аппарат хэдэн давхрын доор эрчимт эмчилгээнд байгаа. Гэвч цахилгаан байхгүй, цахилгаан шат ажиллахгүй болохоор яалтай билээ.

Венесуэль даяар энэ оны гуравдугаар сард тав хоног цахилгаан саатахад олон эмнэлэгт ийм зүйл тохиолдсон юм. Энэ үзэгдэл тус улсыг улс төр, эдийн засгийн хямралд гүн гүнзгий оруулсан билээ.
Эмнэлгүүд ийм зүйлд бэлэн бус байлаа.

109447449_blackout5 Ертөнцийн төгсгөл буюу дэлхий даяар цахилгаан тасарвал юу болох вэ?

Цөөн хэдэн эмнэлгийн нөөц генераторууд ажиллагаагүй болсон байхад заримд нь үнэхээр чухал гэсэн палатуудад л эрчим хүч зарцуулж хүрэлцэхээр байв.
Энэ таван өдөр дууссаны дараа эмнэлгүүдэд 26 хүн цахилгаан тасарсантай холбоотой асуудлаар нас барсан гэж Венесуэлийн эрүүл мэндийн салбарын хямралыг судалдаг Doctors fo Health байгууллагаас мэдээлжээ.

Нас барсан өвчтөнүүдийн дунд “хиймэл бөөр” аппарат шаардлагатай, буудалцааны шархтай, мэс засалчид тас харанхуйд мэс засал хийх боломжгүй зэрэг хүмүүс байсан юм.

Мөн эмнэлгийн харанхуй палатанд төрсөн эмэгтэйчүүд, гар утасныхаа дэлгэцний гэрэлд мэс засал хийсэн эмч нар, дутуу нярайн тасагт инкубатор салсны улмаас бээрсэн нярай гэх мэт асуудлууд олон яригдсан.
Гэвч асуудлууд зөвхөн эмнэлгийг тойрсонгүй. Өндөр байранд амьдардаг настай хүмүүс шатаар дээш доош алхахаас гадна хоол ундаа ил гал дээр хийж, лааны гэрэлд оройн хоолоо идэхээс өөр аргагүй болсон юм. Цахилгаангүйн улмаас хөргөгчид хадгалах ёстой, амархан мууддаг бүтээгдэхүүнүүд муудаж, гудамжинд гэрлэн дохио ажиллахгүйн улмаас тээврийн системд эмх замбараагүй байдал үүсчээ.

109447455_blackout2 Ертөнцийн төгсгөл буюу дэлхий даяар цахилгаан тасарвал юу болох вэ?

Ус татдаг насосууд мөн ажиллахгүй болсны улмаас хүмүүс гол, нуур булаг шанднаас ус авахаас өөр аргагүй болжээ. Зарим нь бүр усны сувгаас ч ус хэрэглэсэн гэдэг.

Венесуэльд нэг жилийн хугацаанд цахилгаан саатсан олон тохиолдол гарсан юм. Зарим нь богино, хэсэгчилсэн, хэдхэн минутын тасалдал байсан аж. Бусад тасалдлыг арилгахын тулд хэдэн цаг, хэдэн өдрөөр цахилгаан таслах хэрэгтэй болдог. Doctors for Health байгууллагаас эмнэлгүүдэд өвчтөн нас барсан шинэ тохиолдлуудыг бүртгэсээр байна.

“Эмнэлэгт дөрвөн цагийн турш цахилгаан тасалдах нь хэвийн үзэгдэл биш. Усны асуудал үүнээс ч дор. Зарим эмнэлгт өвчтөнүүдээс биедээ ус авчрахыг гуйх болсон” гэж Doctors for Health байгууллагад мэдээлэл цуглуулдаг, Венесуэлийн Төвийн их сургуулийн анагаах ухааны сургуулийн ажилтан Хулио Кастро онцлон тэмдэглэжээ. Кастрогийн дүрслэн үзүүлсэн зураглал ертөнцийн төгсгөлтэй л төстэй сонсогддог. Хэдхэн жилийн өмнө Өмнөд Америкийн хамгийн баян оронд тооцогдож байсан, дэлхийд нефийн нөөцөөрөө тэргүүлдэг тус улсад ийм зүйл боллоо гэхэд итгэхэд хүнд.

Хэдийгээр Венесуэлийн Засгийн газар энэ бүгдэд хорлон сүйтгэгчид, алан хядагчдыг буруутгадаг ч олон хүн дэд бүтцэд ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүйгээс цахилгаан сүлжээний доголдол гарах болсон гэдэг.
Гэхдээ урт хугацааны, олон нийтийг хамарсан цахилгаан тасалдал заавал амь тулахын ирмэгт ирсэн улсуудад гарах албагүй ээ.

109447391_blackouticepole Ертөнцийн төгсгөл буюу дэлхий даяар цахилгаан тасарвал юу болох вэ?

АНУ, Канадад жил бүр хэдэн сая иргэний орон гэр шуурганы улмаас цахилгаан дамжуулалтын шугам гэмтсэнээс үүдэлтэйгээр харанхуй болдог. Энэ оны зургадугаар сард Аргентин, Уругвай, Парагвай даяар цахилгаан тасалдлын горыг амсаж, 40 сая хүн гэрэлгүй болсон юм.

2012 оны зун Энэтхэгийн 600 сая гаруй иргэн хоёр хоногийн гаруйн хугацаанд цахилгаангүй амьдарсан. 2018 онд Японы Хоккайдо арлын газар хөдлөлт 5 сая гаруй хүнийг тог цахилгаангүй болгосон бол 2019 оны наймдугаар сард Их Британийн нэг сая орчим иргэн үндэсний эрчим хүчний системд саатал гарснаас болж цахилгаангүй болсон. Тухайн үед ажилдаа явж байсан хүмүүс зогссон галт тэргэндээ хэдэн цаг суусан билээ.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын аюултай үзэгдэл цахилгаан тасалдах эрсдэлийг илүү нэмэгдүүлдэг

Дэлхий даяар эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, хүн ам өсөж, цахилгаан хөдөлгүүртэй машин гээд шинэ технологи бий болохын хэрээр эрчим хүчний хангамжид асуудал үүсэх магадлал өндөр болно. Ялангуяа нар, салхи гээд сэргээгддэг хэрнээ тогтвортой бус эх үүсвэрт шилжих тусам энэ шинж ажиглагдана.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын гэнэтийн үзэгдэл цахилгаан тасалдах үзэгдлийг улам нэмдэг байна.

“Бид амьдрал ихэнх зүйл эрчим хүчнээс хамааралтай байна. Би хэзээ гэрэлгүй болох вэ гэж ярьж дасчээ. Гэхдээ гэрэл байхгүй болно гэдэг бидний санааг зовоож байгаа хамгийн гол асуудал биш юм” хэмээн дэд бүтцийн ажлын сааталд бэлтгэдэг Resilience Shift байгуллагын техникийн хэсгийн захирал Жулиет Миан мэдэгджээ. Үнэхээр ч үнэн. Орчин цагт санхүүгийн системээс харилцаа холбоо гээд бүгд л цахилгаанаас хамааралтай байна.

Дэд бүтцийн бусад чухал элементүүд, тухайлбал ус хангамж, сувгийн систем цахилгаанаар хөдөлдөг насос дээр суурилдаг. Цахилгаангүй бол түгээх станцууд, замын тэмдгүүд ажиллахгүй, галт тэрэг явахгүй.
Худалдаа, бараа, түлш хүргэлт, бүтээгдэхүүн хадгалах систем, мөн компьютер дээр суурилсан бүх систем унтарна. Агааржуулагч, хийн бойлер, дулаалгын систем ч ажиллахгүй.

Ердөө л 100 гаруй жилийн өмнө хотуудад бараа хүргэж, хогийг зөөвөрлөхдөө хүн, амьтны хүчээр л хийдэг байсан. Харин орчин үеийн дэд бүтцэд энэ бүгдийг цахилгаанаар сольжээ. “Өнөөдрийн ертөнцөд бүх систем дээд зэргээр хоорондоо холбогдож, сүлжигджээ. Эндээс эрчим хүч хангамжаас бүрэн хамааралгүй системийг олно гэдэг маш хүнд” хэмээн Миан өгүүлсэн байна.

Цахилгааны бүрэн саатал гэж юу вэ? Үүнд ямар сүйрэл нөлөөлөх вэ?

Шалтгаан маш олон. Галт уул дэлбэрэх, газар хөдлөх зэрэг байгалийн гамшгаас наран дээрх дэлбэрэлтээс үүдэлтэй гео соронзон шуурга гээд олон.1989 онд гео соронзон шуурганы улмаас Канадын ихэнх газар нутагт 9 цагийн турш цахилгааны саатал гарсан юм.

109447389_blackout8 Ертөнцийн төгсгөл буюу дэлхий даяар цахилгаан тасарвал юу болох вэ?

Цахилгаан сүлжээний аюул заналхийллийг судалдаг Олон улсын Electric Infrastructure Security Council-ээс түүнчлэн хүний хүчин зүйлсийг нэрлэсэн байна. Үүнд дэд бүтцийн ийм объектод кибер халдлага хийх зэрэг орно. Эдгээр аюул заналхийллийн эсрэг арга хэмжээ авах нь үнэтэй бөгөөд хүнд.

Гэхдээ чухал хэсгүүдээ ингэж хамгааллаа гэхэд урьдчилан тааварлахын аргагүй хүчин зүйлс гарч болно. 2003 оны есдүгээр сард л гэхэд унасан ганц мод Швейцариас Итали руу хүргэдэг Альпын хэсгийн цахилгаан дамжуулалтыг эвдсэн түүхтэй. 24 минутын дараа өөр нэгэн мод дахин цахилгаан дамжуулах шугам дээр унаж, Итали даяар тог тасарсан байдаг. Ердөө л хоёрхон модноос болж Европын бүхэл бүтэн улс цахилгаангүй болсон гэхээр доминогийн үр нөлөө харагддаг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close