УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Гэвч өөрсдийг нь чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Н.Баяртсайхан байнгын хорооны хуралд хоцорч очсон бол С.Даваасүрэн оролцсонгүй.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа.
Тэрбээр “С.Даваасүрэн дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэж байгаа юм байна. Би бол хариуцлага тооцох тухай асуудал гэж бодсон. Өөрийн хүсэлтээр, хариуцлага тооцох хоёр ондоо шүү дээ.
Өөрийн хүсэлтээр чөлөөлөх гэж байгаа юм бол УИХ-ын даргын яриад байсан хариуцлага тооцох асуудал өөрчлөгдөж байгаа юм уу” гэлээ.
Түүний асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улс Саарал жагсаалтад орсонтой холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох санал, шийдвэрээ хэлсэн. Миний хэлсэн саналтай холбогдуулан СЗХ-ны дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм байна” гэв.
Ийнхүү гишүүдийн асуулт, хариултын дараа санал хураалт явуулснаар тус байнгын хорооноос СЗХ-ны дарга С.Даваасүрэнгийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив.
Үргэлжлүүлэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан уу, огцруулсан уу гэдгийг тодруулав.
Түүний асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй. Нээлттэй захидлаар хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр ч хүнд хэцүү үед зугтааж байгаа юм шиг чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах зохимжгүй байна гэсэн. Дараагийн хүний асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, хүнд нөхцөл байдлаас гаргах чадвартай хүнийг томилно” хэмээв.
Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Өөрсдийнх нь асуудлыг хэлэлцэж байхад хоёр дарга хоёулаа ирээгүй байна. Тэгээд л Саарал жагсаалтад орсон хариуцлагыг тэр хүмүүс хүлээх ёстой. Арван хэдхэн хүн сууж байгаад чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж байна” гэсэн юм.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: ФАТФ-аас 2015-16 оныг дамжиж харилцан үнэлгээ хийгдсэн. Энэ дүнг 2017 оны долоодугаар сард Шри Ланка улсад хэлэлцэн Монгол Улсыг хар, саарал жагсаалтад орох эрсдэл үүсээд байгааг зарласан. 2019 оны наймдугаар сард үр дүнгийн үзүүлэлтийг хэрэгжилтийг хэлэлцсэн. 2017 оны үнэлгээгээр 17 үзүүлэлт бүгд хангалтгүй гэж байсан бол 2019 онд 11 үзүүлэлтийн 7 нь сайжирсан, 4 нь анхаарах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Саарал жагсаалттай холбоотой асуудал өнөөдөр гараагүй. 2017 онд байдал хүнд байгааг бидэнд мэдэгдсэн. Сүүлийн хоёр жил харьцангуй ахиц гарсан ч Саарал жагсаалтад орсон. Энэ бол гэнэт болсон зүйл биш.
Арилжааны банкуудын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байгааг тайлбарлаж өгнө үү.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Өмнө нь манай улсын 14 банканд активын чанарын үнэлгээ хийсэн. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор бүх банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгсөн. 2019 оны есдүгээр сарын 25-нд эцсийн тайланг хүлээн авсан. Гэтэл Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах шийдвэр наймдугаар сард гарчихсан байсан.
Монголбанкны дэргэд Санхүүгийн мэдээллийн алба гэж байгаа. Санхүүгийн мэдээллийн албаны дэргэж Хамтын ажиллагааны зөвлөл гэж бий. Уш зөвлөлд холбогдох байгууллагын удирдлагууд ирж хуралддаг. Цаашид бид хамтын ажиллааны зөвлөлийн ажлыг хариуцлагажуулна.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 2016 оноос хойш эдийн засгийн хүнд байдалд Монголбанкны хамт олон сайн ажилласан. Сүүлийн хоёр жил УИХ-тай хамтарч банк, санхүүгийн системийн хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр сайн ажилласан. Нэг зүйл дээр их харамсаж байна. Өмнө нь Монгол Улс Саарал жагсаалтад орж байхад төв банк гол үүрэг гүйцэтгэж ажилласан. Түүнээс хойш энэ асуудал зөвхөн төв банканд хамаатай мэтээр ойлгож ирсэн. Мөнгө угаахтай тэмцэхийн тулд Монгол Улс бүхлээрээ зогсолтгүй тэмцэх ёстой. Тогтолцоогоороо буюу Засгийн газар, төв банк, хууль хяналтын байгууллага бүгд нэгдэх ёстой.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Энэ бол тогтолцооны, улс орны хэмжээний асуудал. Юунаас болж Саарал жагсаалтад орох, юу нөлөөлөв гэдгийг мэргэжлийн хүмүүс гаргаад тогтоох хэрэгтэй. Би бол хариуцлагаа хүлээнэ. Хаашаа ч зугтаахгүй. Би ярьвал олон юм ярина. Ярих ёстой зүйлийнхээ 10-хан хувийг ярьж байна. Энэ бол ганц байгууллагын хариуцах ёстой асуудал биш. Тогтолцооны асуудал.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Тогтолцоогоо сайжруул гэхээс илүү хариуцлага, сахилгаа сайжруул гээд байгаа шүү дээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Ямар орлого хууль бусаар орж ирээд байгаа юм бэ. Үүнийгээ бид хянаж чадаж байгаа юу. Авлигад эргэлдэж байгаа их мөнгө хаанаас гараад байна вэ. Нэг нь төсөвөөс, нөгөө нь уул уурхайн орлогоос бий болж байна. Энэ бүх орлого Монгол Улсаас гараад оффшорт ороод, буцаад орж ирж байна. Үүнийгээ хяна гээд байгаа шүү дээ.
Манай хуульд эдийн засгийн гэмт хэрэг гэж зүйлчилсэн 18 заалт байгаа. Энэ бол маш хангалтгүй. Эдийн засгийн, санхүүгийн гэмт хэрэг гэж юуг хэлээд байгаа хуульчлах шаардлагатай. Арилжааны банкуудад эргэлдэж байгаа хөрөнгийг Монголбанк сайн хянаж байгаа. Бусад санхүүгийн системд эргэлдэж байгаа мөнгийг хэн хянах ёстой юм бэ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хариуцлага тооцож болно. Хариуцлагын асуудалд хуулийн дагуу, тэгж шударга хандмаар байна. УИХ-ын дарга хууль бусаар хүмүүсийг огцруулдгаа боль. Монголбанкны ерөнхийлөгч өргөдлөө өгөөгүй байхад нь УИХ-ын дарга асуудал оруулж ирж байна. Бие биенээ хаацайлдаг байдлаа болих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Бид 2016 онд эдийн засгийн байдал ямар байсныг эргэж бодох ёстой. Н.Баярсайхан ямар байдалтай ажил хүлээж аваад, ямар болгосныг ярих хэрэгтэй. Эрх зүйн шинэчлэлийн сайн хийсэн. Н.Баяртсайханыг Монголын төр үнэлж, гүйцэт ажиллуулж чадсангүй. Дараагийн хүн нь хэн байх бол. 10-хан сар ажиллаад халагдана шүү дээ.
Гишүүд гар өргөн санал хураалт явуулж, олонхын саналаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөхийг дэмжлээ.