Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил, 140 жилийн турш үзэгчдийг “алмайруулж” байсан Ж.Вердийн “Аида” дуурь Монголын тайзнаа 2011 онд анх амилж байсан билээ. Энэхүү гайхамшигт дуурийн энэ удаагийн тоглолт /2019-11-02-03/ бямба, ням гаригт боллоо.
Танхимын гэрэл унтрахад үзэгчид амьсгаа даран, дор бүрнээ догдолж байв. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүүг үзэгчид халуун алга ташилтаар угтав. Одоо л эхлэх нь. Цаанаа л нэг түгшүүртэй хөгжим эгшиглэж хөшиг нээгдэв. УДБЭТ-т ирсэн үзэгчид бүгд Египет Мемфис дахь хааны ордонд хүрэлцэн ирэв. “Аида” дуурь дөрвөн бүлэг долоон үзэгдэлтэй. Бүлэг бүрт тайз өөрчлөгдөж, үзэгчдийг гайхашруулав. Монголд хийж байгаагүй шинэ тайзыг энэ удаад ч театрынхан хийж чаджээ.
“Аида” дуурь жинхэнэ могой, морь, бүргэдийг тайзнаа авчирсан байсан юм.
Цаашлан гайхамшиг дуучдаар үргэлжлэв. ”Аида” дуурьт дуулна гэдэг дуурийн дуучин хүн бүрийн мөрөөдөл байдаг гэнэ билээ. Аидад Б.Эрдэнэтуяа МУГЖ, Амнерис гүнжид Р.Доржхорол МУГЖ, Радамес хааны ордны хамгаалалтын даргад Б.Эрдэнэ-Очир СТА, Амонасро Эфиопын хаан, Аидагийн эцэгт Ч.Энхтайван СТА, Египетийн хаанд С.Бат-Эрдэнэ СТА нар чадварлаг тоглож, үзэгчдийг эзэмдэв. Дуучдын дуулалт, жүжиглэлт бахдам.
Эфиопын хаан Амонасро буюу Аидагийн эцэгт анх 2011 онд “Жинжиймаа” Ц.Баттөр СТА дуулж байсан ба энэ удаад СССР-ийн Ардын жүжигчин Надежда Андреевна Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын V уралдааны дэд байр, М.И. Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байр зэрэг олон уралдааны шагналт Соёлын тэргүүний ажилтан Ч.Энхтайван хоёр жил уран бүтээлээ завсарлан эргэн тайзнаа ирсэн нь энэ оройн онцлох уран бүтээлч байсан юм.
Түүнийг УДБЭТ-ын “шинэ Юндэн” гэлцдэг. Сэтгүүлч миний мэдэхээр “Трубадур” дуурийн Ди Луна, “Кармен” дуурийн бухтай тулалдагчийн дүрийг сэтгэлд хоногштол бүтээсэн Монголын сонгодог урлагийн шилдэг баритонуудын нэг билээ.
Анхлан 2011 онд 140 жилийнх нь ойг тохиолдуулан Монголын театрт тоглогдож байсан “Аида” дуурь ахин шинэ өнгө төрхөөр үзэгчид олонтой ийн учирлаа.