Монгол залуус явган алхаа тоолдог гар утасны аппликэйшн бүтээж байна. “WE” нэртэй аппликэйшнийг ажиллуулж, явган алхсанаар танд оноо цуглана. Таныг нэг км явган алхахад аппликэйшнд 150 оноо цуглах юм. 1000 оноо цуглуулаад кофе шопоор үйлчлүүлэх эрх, 2000 оноо цуглуулаад дэлгүүрээс тодорхой дүнд бараа сонгож авах эрх бэлэглэх юм.
Сүүлийн жилүүдэд иргэд хамт олон, найз нөхдөөрөө уул хаданд авирч, аялах дуртай болсон. Энэхүү аппликэйшн хэрэглээнд нэвтэрвэл хүмүүс алхах нь ихэсч, иргэдийн эрүүл мэндэд ач тусаа өгнө гэдэгт тэд итгэлтэй байгаа юм. Өдөр бүр 30 минут түргэн алхахад хорт хавдраар өвчлөх эрсдэл 40 хувиар багасдаг гэдэг.
Нөгөөтэйгүүр, иргэд автомашин жолоодох, ойр зайд такси хөлөглөхөөс татгалзаж алхангаа оноогоо цуглуулдаг болох нь түгжрэлийг сааруулах ач холбогдолтой юм. Мөнгөө төлөөд такси барих уу, алхаад мөнгө хуримтлуулах уу гэдэг таны сонголт болж байна.
Одоогоор дээрх төсөлтэй хамтарч ажиллах аж ахуйн нэгжүүдийн санал ихээр ирж байгаа юм. Кофе шопууд, ресторанууд, үзвэр үйлчилгээний газар, дэлгүүрүүд хамтарч ажиллах санал тавьж байгаа ажээ.
Эх сурвалж: Medee.mn