УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанд хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, 2020 оны улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа талаар ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсжээ. Хоёрдугаарт, зарим улсад суугаа Элчин сайдыг татах, томилохтой холбоотой Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр, “УИХ 2020 оны төсвийн тухай хуулийг аравдугаар сарын 17-нд нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаарт хэлэлцүүлэгт бэлтгэхээр болсон. УИХ-ын даргын захирамжаар хоёр, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулсан. Нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байна. Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдсан. Ажлын хэсгийн саналаар бол Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр ажиллаж байна. Төсвийн тухай хуулиар бол төвсийн орлого зарлага нэмэхийг хориглосон. Зөвхөн тодорхой тоогоор зарлагыг бууруулж, тодорхой тоогоор зарлага нэмэх л эрхтэй. Одоогоор нийт дүнгээр нь багцалбал, 250 орчим тэрбум төгрөгийн зардал бурууулж, мөн тэр тоогоор зардал нэмэх санал боловсруулсан. Энд хэд хэдэн том хөрөнгө оруулалт яригдаж байна. Үүнээс эрүүл мэндийн салбар буюу Хавдар судлалын үндэсний төвийн хүчин чадлыг нэмэх хөрөнгө оруулалт дурдагдсан. Сүүлийн үед бид төсвөө орон нутаг руугаа чиглүүлээд нийслэлд дэх хөрөнгө оруулалтыг орхисон байна. Элчин сайдуудтай холбоотой Ерөнхийлөгчийн саналын тухай ярья. Ерөнхийлөгч зургаан Элчин сайдыг эгүүлэн татах санал гаргасан. Энэхүү саналыг бүлэг дэмжсэн. Одоо холбогдох байнгын хороод хэлэлцэнэ” гэсэн юм.
-Төсөв дээр 250 орчим тэрбум төгрөгийн зардал хассан гэсэн аль салбарын төсвөөс хассан бэ?
-Төсөв дээр тодорхой саналуудыг хассан. Хөрөнгө оруулалтын зардлаасаа бууруулж байгаа. Мөн зээлийн ашиглалтын зарим зардлаас бууруулсан. Ажлын хэсэг эцэслэн тогтоогүй тул одоохондоо ийм мэдээлэл өгье.
-Цэцийн шийдвэртэй холбоотой АМНАТ-ийн мэдээлэл өгөгүй юү?
-Үнэхээр санаа зовоосон асуудал бол АМНАТ болж байна. Цэцийн шийдвэртэй холбоотой Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо маргааш хуралдана. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг байнгын хороо санаачлан хэлэлцүүлнэ. Тэгээд энэ долоо хоногтоо багтаагаад төслөө батлахаар ярьж байна. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэхгүй бол 2020 оны төсөв дээр 1.29 их наядын зарлага дутна.
– АМНАТ-аас 2020 онд хэдэн төгрөг “Ирээдүйн өв” санд орохоор төлөвлөсөн бэ?
-АМНАТ-ын тодорхой хувь нь “Ирээдүйн өв” сандаа төвлөрдөг. 2020 оны төсөвт төлөвлөхдөө АМНАТ-аас тус санд 600 орчим тэрбум төгрөг орно гэж үзэж байгаа.