Монгол-Францын археологийн экспедицийн судалгааг Antiquity сэтгүүл онцлов

“Antiquity” сэтгүүл нь наймдугаар сарын дугаартаа Монгол-Францын хамтарсан археологийн экспедицийн судалгааны үр дүнг онцолж, малтлагын зургийг нүүр хуудсандаа нийтэлжээ.
Археологич, доктор, профессор Ц.Төрбаатараар ахлуулсан уг экспедиц Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын Улаан хошуунд байрлах Хүннүгийн булш оршуулгын дурсгалт газарт олон жил малтлага ба судалгаа хийсэн байна.
Судалгааны үеэр Хүннүгийн соёлтой холбоотой үнэ цэнтэй олдворуудыг илрүүлж, тухайн үеийн хүмүүсийн генетик, хүн ам зүй, антропологи болон ДНХ-ийн мэдээллийг Францын судлаачидтай хамтран лабораторийн түвшинд судалжээ.
“Antiquity” сэтгүүл нь 99 жилийн түүхтэй ба Монгол-Францын хамтарсан төслийн үр дүнг онцолж тус судалгаа Монголын эртний түүх, Хүннүгийн талаарх олон улсын шинжлэх ухааны хүрээнд хэрхэн анхаарал татаж байгааг харуулж байна.
Өнөөгийн Монголын түүхийг зөвхөн ном, музейгээс гадна шинжлэх ухаан, генетик, археологийн шинэ аргачлалаар дахин нээж байна.
