Монгол Улсын цахилгаан автомашины импорт сүүлийн жилүүдэд буурчээ

2026-09-02 19:001min
20260902-190037-file.jpeg
Монгол Улсад цахилгаан автомашины импорт 2024 онд оргилд хүрсэн ч 2025 онд 33.3 хувиар буурсан байна. Нийт импортын 76.3 хувийг БНХАУ-аас авдаг ба нийслэлд цахилгаан автомашины хэрэглээг дэмжих "ногоон өртөө" байгуулагдсан.

Монгол Улс цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавьсан ч сүүлийн жилүүдэд импортын тоо буурсан байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2022 оноос хойш нийт 1,838 ширхэг цахилгаан автомашин импортолсон бөгөөд жил дараалан импортлогдсон автомашины тоо өөрчлөлттэй байна. Тухайлбал, 2022 онд 214 ширхэг (5.8 сая ам.доллар), 2023 онд 419 ширхэг (10.2 сая ам.доллар), 2024 онд хамгийн их буюу 504 ширхэг (13.9 сая ам.доллар) импортлогдсон аж. Харин 2025 онд импорт 336 ширхэг (9.3 сая ам.доллар) болж, өмнөх оныхоос 33.3 хувиар буурсан байна. 2026 оны эхний найман сард 365 ширхэг (7.5 сая ам.доллар) цахилгаан автомашин импортлогджээ.

Импортлолтын хувьд Монгол Улсад орж ирж буй цахилгаан автомашины 76.3 хувийг БНХАУ-аас, 10.2 хувийг Япон, 5.1 хувийг АНУ, 8.4 хувийг бусад улсуудаас бүрдүүлж байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар 2,700 орчим цахилгаан автомашин бүртгэлтэй байгаа ба хэрэглээг дэмжих үүднээс нийт 11 байршилд цахилгаан автомашины цэнэглэх “ногоон өртөө” байгуулсан байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 33 хувь нь автомашины утаанаас үүсдэг гэж тооцогдох ба цахилгаан автомашины тоог 50 мянгад хүргэвэл 66 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах боломжтой юм. Түүнчлэн Монгол Улс жил бүр бензин, шатахууны импортоор 2.4 тэрбум ам.доллар зарцуулж байна.