[starbox]

Парламентын сонгуулийн дараа төрийн алба УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний найз, хань хамсаатан, ах дүү амраг садныг шингээсэн  “агуулах” болон хувиргадаг гэсэн шүүмжлэл өрнөсөөр олон оныг үдэж буй. Төрийн алба данхайж, олон мянган албан  хаагчийг хаалгаараа оруулж, гаргах хооронд салбаруудын боловсон хүчний  бодлого алдагдан, залгамж  халаа, дэг жаяг эвдэгдэж, төрөөс баримтлах  ёстой бодлого, шийдвэр царцдаг.

Нөгөө талаар Монгол төрийн дархлааг сулруулж, улс төрийн намуудын нэр хүндийг унагаж байгаа гол асуудлын нэг нь томилгоо. Томилгоо нэрийн дор албан тушаалыг бялуу болгон түгээж, төрийн хариуцлагатай удирдах албан тушаалд шаардлага хангаагүй хүмүүсийг томилж, мэдлэг, туршлагатай мэргэшсэн албан хаагчдын ажлаас нь чөлөөлдөг энэ гаж үзэгдэл улс төрийн намуудын рейтингийг чангааж буй.

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 7-8 мянган төрийн албан хаагч шилжилт хөдөлгөөнд орж байсан бол мөн л сонгууль явагдсан 2012 оны долдугаар сараас 2013 оны долдугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд 11 мянга гаруй албан хаагч төрийн албыг орхисон байв. Тэд ажлаа өгсөн шалтгаанаа “өөрийн хүсэлт” гэх үгээр тайлбарласан байдаг. Гэсэн ч үнэн хэрэгтээ цэвэр улс төрийн дарамтаар ажлаасаа халагдсан. Мөн үед нийт дүнгээр энэ үед 20 мянган хүн төрийн албыг орхиж 30 гаруй мянган хүн шинээр төрийн  албаны босгыг давсан байжээ.

УИХ-ын сонгууль явагдсан 2016 оны сүүлийн хагас жилээс хойш энэ тоонд ямар хэмжээний өөрчлөлт орсоныг харуулах бодитой баримт хараахан дэлгэгдээгүй. Гэхдээ өнгөрсөн тавдугаар сард “Хүний эрх шударга ёс хөгжлийн төв”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар “2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 22 мянган төрийн жинхэнэ албан хаагч ажлын байраа орхисон” хэмээн мэдэгдсэн юм. Ц.Оюунбаатарын мэдээлэлд их бага хэмжээгээр “улс төр” орсон ч сэдэв нь өөрөө УИХ, Засгийн газрын анхаарлын төвөөс хол байх учиргүй.

Ойрын өдрүүдэд парламент Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ төсөлд төрийн албаны мэдээллийн сан, төрийн удирдах албан тушаалтныг шинээр томилох, төрийн албан тушаалыг орлон гүйцэтгэх, мөн хуулийн нэр томьёотой холбоотой зарчмын шинэ зохицуулалтууд тусгагджээ.

Хууль батлагдсанаар авлига, албан тушаалын хэргээр болон онц хүнд гэмт хэргээр ял эдэлж байсан хүнийг, ял эдлэх хугацаа нь дууссан ч төрийн албанд ажиллуулахгүй. Засгийн газар солигдох тоолонд сайдаа даган өөрчлөгддөг яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон агентлагуудын дарга нарыг зургаан жилийн хугацаатай томилох. Ингэснээр төрийн мэргэшсэн албан хаагчдыг баг бүрдүүлэх нэрээр халж сольдог гаж тогтолцоог үгүй болгох.

Аль нэг намын гишүүн төрийн албанд орсон өдрөөсөө намын гишүүнчлэлээс түдгэлзэх бус татгалзах, Төрийн албаны зөвлөлийн орон нутаг дахь салбар зөвлөлөөрөө дамжуулан авдаг Төрийн албаны шалгалтыг нэгдсэн зохион байгуулалттайгаар авч, хамгийн өндөр оноо авсан хүнийг албан тушаалд томилж, бусдыг нь хүний нөөцөд бүртгэх зэрэг дэвшилттэй заалтууд оржээ. Гэвч хуулийн төсөл УИХ-аас батлагдан гарахдаа өнгөө хэрхэн өөрчлөхийг хэлэхэд эрт байна.

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн