Өглөө ажилдаа ирэхэд л цахим ертөнцийн нэг найз маань “цалингаа хүлээж суухгүй бөөн бөөнөөр нь мөнгө олох арга зааж өгнө” гэх зурвас үлдээсэн байдаг боллоо. Худлаа гэвэл хар би цалингаа авсан гэж ирээд л дансанд нь их хэмжээний мөнгө орсон гэх зурвасыг харуулна. Бүр энэ чиглэлийн янз бүрийн фэйсбүүк бүлэгт оруулж “тархи угаах” ажиллагаагаа явуулахыг завдах боллоо.

Тэгвэл ганцхан миний танил хүмүүс, найз нөхөд энэ сүлжээний бизнес гэдэг зүйлд “тархиа угаалгаад” байна уу гээд сонирхож үзтэл үгүй юм байна аа. Өөрөөр хэлбэл, энэ ганцхан миний асуудал биш. Монголын асуудал болчихсон юм байна. Тиймээс бид энэ удаагийнхаа “Дугаарын сурвалжлага” буландаа сүлжээний бизнес буюу олон улсын санхүүгийн луйварчид манай улсыг “бай”-гаа болгон сонгоод үйл ажиллагаагаа нь өдрөөс өдөрт хэрхэн өнгө орж цэцэглэж байгаа талаар хөндөж байна.

Манай улс шиг эдийн засгийн хямралтай, бэлэн мөнгөний хомсдолд орсон улсад хамгийн хурдан баяжих арга бол сүлжээний бизнес байдаг байна. Тиймээс ч энэ төрлийн бизнест гаршсан олон улсын санхүүгийн луйварчид ядуу, буурай болон эдийн засгийн хямралд орсон улсыг “Бай”-гаа болгодог.

Мэдээж энэ “шалгуурт” нь бэлэнчиллэх сэтгэлгээгээр баян, ядуу монголчууд нэн сайн тохирсон нь ойлгомжтой. Тэгвэл сүүлийн үед иргэдийн олон нийтийн сэтгэл санаагаар бүрэн “наадаж” чадаж байгаа сүлжээний бизнес бол Казакстаны ядуурлыг бууруулах төсөл гэх сайхан нэртэй G-TIME \ golden time\ гэх сүлжээний бизнес юм байна.

Энэхүү сүлжээг дагаж “далдагнах” хүмүүсийн хэлж буйгаар “ядуурлыг бууруулах төсөл” гэх шидэт төсөл нь дэлхийн 77 оронд үйл ажиллагаа явуулдаг, үйлдвэрлэгч компани гэх юм билээ. Гэтэл хачир дээрээ өнөөх Казакстан улсад нь ч ийм үйл ажиллагаа эрхэлдэг төв байдаггүй гэнэ. Тэгвэл энэхүү ядуурлыг бууруулах бус ядуурлыг эрчимтэй нэмэгдүүлэх залилангийн бизнесийг манай улсад ОХУ-ын иргэд оруулж ирсэн байх юм.

Энэ бол 21 дүгээр зууны суут худалдааны бизнесийн хэлбэр юм.

Харин гардан үйлдэж байгаа монгол хүн нь Эрдэнэцогтын Оюунчимэг гэх эмэгтэй байна. Тэрбээр телевизэд мөнгө төлж мэдээ бэлтгүүлээд “Манай компани дэлхий дээр номер нэг цэвэр экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч. Өөрийн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд дэлхийн зах зээл дээр гишүүнчлэл элсүүлдэг. Энэ бол 21 дүгээр зууны суут худалдааны бизнесийн хэлбэр юм.

Өнөөдрийн байдлаар манай компаниас олон гишүүд маш өндөр хэмжээний орлого олсон” хэмээн магтан суух юм билээ. Тиймээс өдөр, шөнөгүй надад мөнгө өгнө гээд зүтгээд байгаа цахим ертөнцийн найз нараасаа мэдээлэл авахаар шийдсэн юм. Тиймээс ч миний бие “G-time MGL” гэх 100 гаруй мянган гишүүнтэй сүлжээний бизнесийнхээ талаар хамаг л нарийн нандин зүйлээ ярьдаг, бичдэг фэйсбүүк группт гишүүнээр “заларчихлаа”.

АМЬДРАЛАА ЛОМБАРДААД СҮЛЖЭЭЧИН БОЛСОН Л ГЭНЭ 

Фэйсбүүк, твиттер хуудаснаас “та хуримтлалын хөтөлбөрт 135 мянган төгрөгөөр ороод хэдхэн сарын дотор 25 сая төгрөгтэй болохыг хүсвэл аргыг нь заагаад өгье. Мэдээлэл авах нь “ок” гээд коммент үлдээгээд явчихъя”. Аль эсвэл “Өнөөдөр цалингаа авлаа. 500 ам.доллар. Шууд орж ирж байна. Хамтраад сайхан баг болоод ажиллая” гэх сайхан үгтэй, ам.долларын зурагтай, үнэхээр дансанд нь их хэмжээний мөнгө шилжин орсон зурвасны зураг дүүрэн байх болсон.

Мэдээж эдгээр мэдээллийг орж хараагүй, уншаагүй хүн ховор. Уг нь эдгээр сүлжээний бизнесүүд хуурамч бөгөөд иргэдийг залилж байгаа талаар цагдаагийн газраас удаа дараа анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байгаа. Гэсэн хэдий ч тус сүлжээнд итгэсэн хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр…

Мэдээж миний элсэн орсон “G-time MGL” фэйсбүүк группийн бүх найзууд доороо элсүүлэх хоёр хүнээ хэрхэн олох, яаж мөнгө олох гээд бүх аргын талаар ярилцаж өнждөг боллоо. Тэр бүү хэл, зарим төрийн албан байгууллага, томоохон худалдааны төвийн худалдагч нар эд хөрөнгөө барьцаалан зээлдүүлэх газарт тавиад, цалингаа маш олон сараар зээл авч тус сүлжээнд элсэн орж байх юм билээ. Тиймээс ч тус сүлжээнд орохын тулд “G-time MGL” фэйсбүүк группийн найз эгч “Э”-ээс хэрхэн сүлжээнд элсэн орсон талаар асуусан юм.

Гэтэл тэрбээр “Эгч нь найзынхаа урилгаар сургалтад суусан юм. Тэгээд л тэтгэвэр авдаг надад олдохгүй боломж юм байна гэж бодсон. Тиймээс хашаа, байшингаа ломбарданд тавиад л сүлжээчин болсон доо. Харин доороо хоёр дүүгээ оруулах гээд машинаа зарчихсан. Гэтэл манай хоёр дүү хүнээ олохгүй байна.

Одоо харин яах вэ…” гээд л яагаад ийм их үнээр сүлжээчин болж байгаа юм бол гэж гайхмаар зүйлийг ярьж гарсан юм. “Э” эгч маань сүлжээний бизнес нь дампуурахын цагт орох орон, оочих аягагүй л болох бололтой. Өөрөөр хэлбэл, хүмүүс гэнэт их мөнгөтэй болох хүсэлдээ хөтлөгдөөд амьдралаа ломбардаад сүлжээчин болсон байх юм.

Энэхүү сүлжээнд хамгийн идэвхтэй элсэн орогчид нь “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчид байх юм билээ. Тиймээс бид манай улсын хамгийн олон хүн цуглардаг “Нарантуул” худалдааны зах дээр энэхүү сүлжээнд элсэн орсон хүмүүс хэрхэн ядуурлаас гарч баяжиж байгааг сурвалжлахаар тус төвийг зорилоо.

МӨНГӨТЭЙ БОЛЖ БАЯЖИХ БИШ ӨРТЭЙ БОЛЖ ШАНАЛЖ СУУНА 

 

“Нарантуул” зах сар шинийн баярын гоёл болон бэлгээ авах гэсэн хүмүүсийн хөл, хөдөлгөөнд дарагджээ. Тэр дундаа дээл болон бүс барааны хэсэгт хүмүүс хоорондоо зөрөлдөх зайгүй шахам байлаа. Эхлээд миний бие туршлага дутаж нэлээд олон хүнээс тус сүлжээний талаар асуулаа.

Хамгийн хачирхалтай нь тус захын зарим худалдагчид “Жи тайм” сүлжээний тухай мэдэхгүй гэж байхад нөгөө хэсэг нь “Манайхнаас “Жи тайм”-д элссэн хүмүүс бий. Зарим нь элсээд хүнээ олчихлоо л гэж байсан. Зарим нь хүн олдохгүй байна. Чи элсчихээч гэж л байсан. Гэхдээ энэ талаар би ярьмааргүй байна.

Яах вэ, зүгээр сонирхуулаад хэлэхэд, “Жи тайм” сүлжээнд элссэн мэр сэр хүмүүс бий” гэдэг хариултыг хэлж байв. Ийнхүү хэсэг явж даарсаны эцэст жаахан дулаацах санаатай нэгэн утас цэнэглэдэг ТҮЦ-рүү орсон юм. Гэтэл … “Баяраа ах ерөөсөө хүнээ олохгүй юм. Би бүр өөрөө нэг хүнийх нь мөнгийг өгөөд оруулж өгч байхад. Дахиад нэг хүнээ олчихож чадахгүй арчаагүй юм аа. Би ч “Жи тайм”-ынхаа мөнгийг олчихсон л доо. Одоо яах вэ. Ямар хэцүү юм бэ” хэмээн 30 орчим насны эмэгтэй хамт ажилладаг хүмүүстэй бухимдуухан ярив.

Тэгтэл “Одоо нэг хүн олчихвол тэр ядаргаатай хүмүүсээс баг хуваагдаад салчихна. Тэгвэл ёстой амар байна. Хэдүүлээ хурдан явъя. Одоо сургалт эхлэх болж байна” хэмээн бас нэгэн эмэгтэй өгүүлсэн юм. Гэтэл өөр бас нэг нь “Тэгээд хүнээ олоогүй байж очиж яах юм. Хүнээ олоод л очсон нь дээр биз дээ” хэмээн бухимдан ярилаа. Тэдний яриаг сонсохнээ би сохорсон биш завшив гэгчээр хайгаад байсан “Жи тайм”-ынхан дээр ороод ирсэн хэрэг.

Тэдгээр хүмүүст үндсэн ажил нь болох үс засах, гар утас борлуулах ажил нь сонин биш болсон нь илт. Харин түүний оронд “одоо яах вэ, яах вэ” гэх ямар нэгэн зүйлд зовж, шаналсан эмэгтэйчүүдийн яриа өрнөж байлаа. Тэдний зарим нь хүнээс мөнгө зээлж сүлжээнд орох мөнгөө олсон гэнэ.

Гэвч доороо хоёр хүнээ элсүүлж чадаагүйгээс болж, тавьсан зээл нь нэхэгдэж эхэлжээ. Тэдний сүлжээнд орох болсон гол шалтгаан нь 8,000 ам.доллар. Багахан мөнгө гаргаад гэр орныхоо амьдралыг дээшлүүлэх гэсэн санаанаасаа болж ийм байдалд хүрчээ. Эдгээр эмэгтэйчүүдийн ийнхүү зовж шаналах болсон шалтгаан нь өнөөх шидэт ядуурлыг бууруулах хөтөлбөр.

Тэдний сүлжээнд орох болсон гол шалтгаан нь 8,000 ам.доллар.

Тэдний дунд “Жи тайм” сүлжээнд орохын тулд мөнгө хүүлэгчдээс “Нөхөр маань солонгос гарах гэж байгаа юм. Виз нь гарчихаар эргүүлж өгнө” хэмээн худал хэлж их хэмжээний мөнгө зээлсэн нэгэн ч байв.

Харин одоо өөрийнхөө доор хүн элсүүлэх, мөнгө хүүлэгчдийн “мөнгөө өг” гэх дуудлагаас болж өдөр бүр сэтгэлийн дарамттай явах болжээ. Эдгээр эмэгтэйчүүд зөвхөн нэг жишээ нь. Өөр хэчнээн хүн өндөр хүүтэй зээл авч нойргүй хонож, мөнгөтэй болж баяжих биш өртэй болж шаналж суугааг таашгүй.

Бүсгүйчүүдийн ярианаас сургалт явуулдаг байр нь хаана байдгыг мэдэж авсан юм. Тиймээс манай сурвалжлах хэсэг сургалтад хамрагдаж, тодорхой мэдлэгтэй болохоор “Жи тайм”-ын нэгэн оффисыг зорив.

“ЖИ ТАЙМ” БОЛ СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС БИШ ГЭНЭ ҮҮ 

 

Хотын төвийн А зэрэглэлд байрлах нэгэн тохилог байранд “Жи тайм” сүлжээний сургалт явагдана. Манай сурвалжлах хэсгийг очиход аль хэдийнэ сургалт эхэлсэн байлаа. Сургалтын танхим хоёр хэсгээс бүрдэх бөгөөд шилэн хаалгаар хуваагдана. Шилэн хаалганы цаана 10 орчим хүн суух бөгөөд сургалтад оролцогчдыг ажиглаж байгаа харагдав.

Харин хаалганы наана 40 орчим насны нэгэн эмэгтэй “Жи тайм”-ын талаар хүмүүст тайлбарлах бөгөөд өөртөө тун итгэлтэй ярих аж. Учир нь тэр “Жи тайм” сүлжээнд нөхөртэйгөө хамт элсэж, гурван ч удаа 8,000 ам.долларыг авч чадсан гэнэ. Түүнийг энэ тухайгаа хэлмэгц сургалтад ирсэн хүмүүс нэгэн зэрэг алга ташиж, “Ямар гоё юм бэ. Баяр хүргэе” хэмээн уулга алдацгаав. Сургалт явуулж буй эмэгтэй цааш яриагаа үргэлжлүүллээ.

Тэрбээр, орифлэйм, эвон зэрэг сүлжээнд явж байсан гэнэ. Гэхдээ тэдгээр сүлжээнүүд хэзээ ч өөрт нь оффисын зардлын мөнгийг өгч байгаагүй аж. “Жи тайм”-ын бусдаас ялгарах онцлогийн нэг нь оффисын зардал. Оффисын зардал гэж хоёр сая 683 мянган төгрөг орсон бөгөөд түүнийгээ доороо ажилладаг хүмүүстэйгээ хувааж авчээ.

Тэр сургалтынхаа төгсгөлд “Олон удаа 8,000 ам.долларыг авах болтугай” хэмээн тун ч итгэлтэй хэлнэ. Харин энэ үед сургалтад суугчид “Ямар гоё юм бэ. Элсмээр юм байна” гэхээс өөр “Би чинь доороо яаж хүн элсүүлэх билээ. Хаанаас хүн олох вэ. Одоо гар дээрээ их хэмжээний бэлэн мөнгөтэй хүн бий бил үү” гэдэг талаар огтхон ч бодохгүй шууд л 8,000 ам.доллартай болох юм шиг бодож, сэтгэж буй нь үйлдэл, үг бүрээс нь илэрхий байв.

“Жи тайм”-ын сургалт явуулж байгаа гишүүд нь ч амархан 8,000 ам.долларыг авчихсан юм шиг ярьж, илтгэцгээж байв. Тэдний хамгийн түрүүнд хэлдэг үг нь “Жи тайм” бол сүлжээний бизнес биш. Казакстаны ядуурлыг бууруулах хөтөлбөр юм. Харин гадуур “Жи тайм”-ын нэрийг ашиглаж иргэдийг луйвардаж байгаа хүмүүс бий. Тэр хүмүүст л итгэж болохгүй гэх үг.

Гэвч үнэн хэрэгтэй сургалтад нь суугаад, тэдний хэлж, ярьж буйг сонсвол “Жи тайм” бусдын адил сүлжээний бизнес л болж таарч байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад 1970-аад оноос хойш эхэлсэн пирамидыг ашигласан луйврын нэг аж. “Жи тайм” сүлжээ нь “Хуримтлалын”, “Үндсэн”, “Вип”, “Автомашины” гэсэн дөрвөн хөтөлбөртэй бөгөөд хөтөлбөр бүр өөр өөрсдийн гэсэн шаардлагатай.

Тухайлбал, хуримтлалын хөтөлбөрт хамрагдахын тулд 120 мянган төгрөг тушаана. Харин түүндээ ОХУ-ын “Луч” болон “Михайл Москвий” брэндийн цагнаас сонгон авах боломжтой гэнэ. Тус хөтөлбөрийн барианаас гарахад 370 ам.долларын цалин авах бөгөөд 220 ам.доллараар дараагийн шат руу шилжих боломжтой ажээ. Мэдээж элдэв гоо сайхны бүтээгдэхүүн, цагны бонус бэлэгтэй.

Харин “Вип” хөтөлбөрт хамрагдахын тулд багагүй мөнгө төлөх шаардлагатай. Энэ хөтөлбөр нь ихэвчлэн их мөнгө олох гэсэн хүмүүст зориулагджээ. Энэ хөтөлбөрт 500 ам.доллар буюу тухайн үеийнх нь ам.долларын ханшаас шалтгаалан монгол мөнгөөр хоёр сая 300 мянган төгрөг төлөх ёстой. Үүний дараа 8,000 ам.долларын цалин авах гэнэ.

Энэ мэтчилэн хөтөлбөр бүр өөрийн онцлогтой. Гэхдээ нэг л зүйл нь сүлжээний бизнес гэдгийг нотолж байв. Дээрх хөтөлбөрүүдэд хамрагдсан хүн бүр доороо хоёр хүн элсүүлэх ёстой. Доор элсүүлсэн хоёр хүн нь дахиад тус бүр хоёр элсүүлнэ. Гэх мэтчилэн явсаар таны доорх хүмүүс амжилттай ажиллаж чадвал та 8,000 ам.долларын цалинд хүрч чадна.

Хэрвээ доороо хүн элсүүлэхгүй, элссэн хүмүүс нь идэвхтэй хүн олж ирэхгүй бол таны тус компанид өгсөн 500 ам.доллар ямар ч үр ашиггүй болж, танд эргэж ирэхгүй. Ингээд л залилуулж байгаа нь тэр. Дээр өгүүлсэнчлэн пирамид хэлбэрийн сүлжээний луйврыг монголчууд бид аль хэдийнэ мэддэг болсон. Гэвч өнгө зүс, нэрээ өөрчилж гарч ирсэн сүлжээний луйварчдад итгэж, мөнгөө залилуулсаар байна.

Гэхдээ нэг л зүйл нь сүлжээний бизнес гэдгийг нотолж байв. Дээрх хөтөлбөрүүдэд хамрагдсан хүн бүр доороо хоёр хүн элсүүлэх ёстой.

Тус сүлжээний сургалтад сууж байгаа ихэнх хүмүүс нь 20-50 насны эмэгтэйчүүдбайсан юм. “Жи тайм”-д элссэн гишүүд дунд хоёулаа хамтарч элссэн тохиолдлууд ч бий гэнэ. Тодруулбал, “Вип” хөтөлбөрт элсэхэд шаардлагатай хоёр сая 300 мянган төгрөгийг хувааж төлөн нэг нэг хүн элсүүлэх үүрэгтэй аж. Энэ мэтчилэн иргэдийн толгойг угаасан явуулгыг сургалтаараа дамжуулан өгч байв. Хэдий сүлжээний бизнес биш гэж хамгаалж байв ч доороо хоёр хүн элсүүлэх ёстой.

Элсүүлсэн хоёр хүн чинь тус бүр дахиад хоёр хүн элсүүлэх ёстой гэсэн шаардлага нь сүлжээний луйврын бизнес гэдгийг батлаад өгч байсан юм. Энд “Жи тайм”-ын сургалт эхэлснээс хойш тус сургалтад суухаар ирсэн хүмүүс нэмэгдсээр байсныг онцолъё. Гэхдээ л нөгөө сэрэхгүй бол зүүд гоё оо гэдэг шиг. Сүлжээний бизнес биш. Үнэхээр ийм сайхан боломж олгодог төсөл байсан бол гоё оо гэчихмээр болтол сургалт явуулдаг гэдгийг сэтгүүлч миний бие мэдрээд гарч ирсэн гэдгээ хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Бидний сурвалжлага хийж байгаатай давахцаад “Жи тайм”- ынхан шилдэг лидерүүдэд автомашин гардуулж өгөх ёслолын ажиллагаа нь “Улаанбаатар палас”-т болох талаар мэдэж авлаа. Ингээд бид машин авч буй шилдгүүдтэй уулзахаар ёслолын ажиллагаа руу явсан юм.

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ДАЛДАЛСАН МӨНГӨН СҮЛЖЭЭ 

 

Шилдэг лидерүүдэд автомашины түлхүүр гардуулж өгөх ёслолын ажиллагаагаанд бэлтгэж хун цагаан автомашинуудыг улаан туузаар чимэглэсэн байлаа. Уг ёслолын ажиллагааны үеэр “Жи тайм”-ын ерөнхий захирал Ж.Марат гэх нөхөр “Зөвхөн нэг удаа “Жи Тайм” корпорацийн бүтээгдэхүүн худалдан авснаар маш том хэмжээний шагнал урамшуулал авах боломжтой гэдгийг харж болно.

Хэрэв та бидэнтэй хамтрахыг хүсвэл эхлээд компаниа судлаад, суралцаад, хоёр талын гэрээ байгуулснаар харилцан зөвшилцөж байж элсэн ордог. Түүний дараа компанийн бүтээгдэхүүнээ худалдан аваад, дараа нь бүтээгдэхүүнээ сурталчилж, өөрөөсөө хоёроос гурван гишүүн урьснаар амжилтад хүрэх боломж нээгдэж байгаа юм” хэмээн тайлбарлаж байлаа.

Ийнхүү бүтээгдэхүүн “худалдан аваад” хэмээн тайлбарлаж буйн учир нь зүгээр л өнгөлөн далдлалт гэдэг нь ойлгомжтой байсан юм. Учир нь “Жи тайм” сургалтын төв дээр тухайн бүтээгдэхүүнийг нь бэлгэнд өгнө гэж ярихаас хоёр сая төгрөгөөр бүтээгдэхүүн худалдан аваад гэж огтоос ярихгүй байгаагаас бүх зүйл ойлгомжтой болж байлаа. Хэрвээ бүтээгдэхүүнээ зардаг байсан бол орифлэйм шиг бүтээгдэхүүнээ ярих л байсан биз дээ.

Биднийг ийнхүү машины түлхүүр гардах ёслолд дээр саатах хооронд Монгол Улсын Засгийн газраас “Жи тайм”- тай холбоотой мэдэгдэл гараад амжив.

ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ “ЖИ ТАЙМ”- ТАЙ ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ХОЛБООГҮЙ… 

 

Эдийн засгийн хямралын эсрэг дэлхийн хэмжээний глобал төсөл хэмээн өөрсдийгөө хэлдэг “Жи тайм”-ын сургалтаар хүмүүсийн толгойг эргүүлэх хамгийн аймшигтай мэдээллийг өгдөг юм билээ. Тухайлбал, “Манайх сүлжээний бизнес биш. Ядуурлыг бууруулах хөтөлбөр. Монголын Засгийн газар ядуурлыг бууруулах “Жи тайм” хөтөлбөр дээр Казакстаны засгийн газартай хамтарч ажиллах харилцан зөвшилцөлд хүрчихсэн.

Өнөөдөр бид “Машины хөтөлбөр”-т хамрагдсан гишүүддээ машиных нь түлхүүрийг гардуулж өгнө. Тэгээд амжвал өнөөдөртөө багтаад хэвлэлийн бага хурал хийнэ. Амжихгүй бол маргааш хийнэ. Тиймээс манай “Жи тайм” сүлжээний бизнес биш” хэмээн бүр төрийн нэрийг барьж иргэдийн толгойг эрүүлэх аж.

Тэгвэл энэ талаар Монгол Улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийг хэлтсээс тодруулахад “Огт тийм зүйл яригдаагүй” гэдгийг тодотгоод давхар мэдэгдэл гаргасан юм. Мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Жи тайм” гэх санхүүгийн сүлжээтэй ямар нэгэн байдлаар огт холбоогүй.

Энэ үйл ажиллагааг дэмжсэн ямар ч арга хэмжээнд оролцоогүй. Энэ талаар ямар нэгэн эерэг байр сууриа илэрхийлээгүй болно. Иймд олон нийтэд итгэл төрүүлэх зорилгоор энэхүү сүлжээндээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг ашиглаж байгаагаа даруй зогсоохыг зарим нэр бүхий хүнээс шаардаж, баталгаагүй эх сурвалжийн энэ талын худлаа мэдээллийг цааш түгээж, иргэдийг төөрөгдүүлэхэд “хувь нэмэр”-ээ оруулахгүй байхыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь хүмүүсээс хүсч байна.

Дашрамд дурдахад, санхүүгийн пирамид бүхий энэхүү сүлжээ нь Монгол Улсын холбогдох хуулийг зөрчиж байгаа эсэхийг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Санхүүгийн зохицуулах хороо болон цагдаагийн байгууллага шалгаж тогтоон ард түмэнд үнэн зөвөөр нь даруй мэдээлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс” гэсэн байна. Тус сүлжээний бизнест итгэж, онцгой олон хүн хуйлран орж буй томоос том хөшүүрэг нь төр засгийн нэр нүүр, төрийн тамга тэмдэг бүхий албан бичиг баримт гэдэг нь ойлгомжтой. Тиймээс бид энэ талын холбогдох байгууллагуудаас энэ асуудлаар тодруулсан юм.

ЗӨВХӨН ГАДААД ХУДАЛДАА ЯВУУЛАХ ГЭРЧИЛГЭЭ АВСАН 

 

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй сүлжээний бизнес эрхлэгчдийн өөрсдийгөө хамгаалдаг нэг зүйл нь улсын бүртгэлийн гэрчилгээ юм. “Жи тайм”-д элссэн хүмүүс ч “Манайх албан ёсны үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй боллоо. Тиймээс та бүхэн бага мөнгөөр их мөнгө олж, машин, орон сууцтай болох боломжийг бүү алдаарай” гэх постыг фэйсбүүк, твиттерээр дамжуулан тараасан.

Тиймээс манай сурвалжлах хэсэг уг гэрчилгээ ямар учиртай болохыг мэдэхээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрыг зорьсон юм. Бид энд ХЭУБГ-ын улсын бүртгэгч Б.Длэхсотой уулзаж, ярилцсан. Тэрбээр “Манайд 2016 оны арваннэгдүгээр сарын 18 онд 6123872 регистрийн дугаартай “Жи тайм корпорейшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани бүртгүүлсэн байна. Гишүүдийн тоо нэг гэж бүртгүүлсэн.

Мөн үйл ажиллагааныхаа чиглэлийн гадаад худалдаа гэх чиглэлээр авсан байна. Бид сүлжээний талаар мэдэхгүй. Тэр талын зүйлийг хууль, хяналтын байгууллагууд мэднэ. Бид зөвхөн хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгодог” гэв. Мөн тэрбээр Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд энэ талаар заасан байдаг гэсэн юм.

Тиймээс бид Аж нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийг судалсан. Тус хуулийн 8.1.4 дүгээр заалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно хэмээн заасан байна. Энэ мэтчилэн төрийн байгууллагын нэрийг барьсан тэдний үйлдэл зогсоогүй.

Татварын цэнхэр дэвтрийг элсэн орсон хүн бүрт олгодог байна. Мэдээж манай байгууллага орлого олж байгаа татвараа төлнө гэхэд татварын байгууллага “Танай байгууллага сүлжээ байна. Тиймээс татвар авахгүй” гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Тиймээс албан ёсоор татвараа аваад цэнхэр дэвтрийг олгож л таараа.

Мөн манай “Жи тайм” маргэжлийн хяналтаар хүлээн зөвшөөрөгдсөн гэж хэлээд бас нэг тамга тэмдэг бүхий бичиг баримт харуулдаг. Тэгвэл мэргэжлийн хяналтынхан ч үүнийг өгөхгүй гэх шалтгаан байдаггүй байна. Учир нь тухайн сүлжээний бизнесийн оруулж ирж бэлгэнд өгдөг гэх гоо сайхны бүтээгдэхүүнийг нь шинжилж үзээд стандартад нийцсэн бүтээгдэхүүн байсан учир “Стандартад нийцсэн бүтээгдэхүүн байна” гэсэн баримт өгөх нь ойлгомжтой.

Энэ мэт төрийн байгууллагуудын нэрийг барьж иргэдийн итгэлийг олох хөшүүрэг нь нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Тэгвэл өдрөөс өдөрт хохирох иргэдийн тоо өссөөр байгааг хараад суугаад байгаа учрыг асуухаар бид Цагдаагийн байгууллагыг зорьсон юм.

ШӨХТГ, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО АЖЛАА ХИЙ 

 

Гадаадын гэх тодотголтой сүлжээний бизнес эрхлэгч цөөн тооны хүмүүс улсын бүтгэлийн гэрчилгээгээр хаацаалан төрийн нэрийг барьж иргэдийг луйвардаж байгаа нь илэрхий байгаа энэ тохиолдолд цагдаагийн байгууллага юу хийж байгаа вэ. Энэ талаар тодруулахад “Одоогийн байдлаар “Жи тайм”-аас болоод хохирсон гэх иргэдийн мэдээлэл ирээгүй байна. Ер нь бид сүлжээний бизнесээс болж хохирч болзошгүй гэх сэрэмжлүүлгийг байнга хүргэж байгаа.

Иргэд өөрсдөө л хянуур байх хэрэгтэй” гэсэн мэдээллийг өгсөн юм. Цагдаагийн байгууллага нь хохирсон иргэд гараагүй, тухайн сүлжээний бизнес нь албан ёсоор бүртгэлтэй болоод, татвар төлөөд үйл ажиллагаагаа явуулаад байгаа учир арга хэмжээ авч чадахгүй байж болох юм. Тиймээс ч өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд иргэдэд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байгаа гэнэ.

Тэгвэл манай улсад их наядаар тоологдох их хэмжээний мөнгө эргэлдэж байхад энэ мөнгө нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх эсэхийг яагаад судлахгүй байна. Энэ их мөнгөний урсгал хаанаас гараад ирэв, хаашаа урсаж байна, юунд ашиглаж байгааг уг нь Санхүүгийн зохицуулах хороо л зохицуулж баймаар юм.

Гэтэл одоог болтол нүдэн балай чихэн дүлий байсаар л… Хэрвээ их наядаар тоологдох энэ их мөнгөний бизнес олон олон хүнийг хямраагаад, Монгол Улсын эдийн засгийг хямрааж ёстой нөгөө бужигнуулахаас урьдчилан сэргийлэх институт нь Санхүүгийн зохицуулах хороо.

Хэрвээ “Жи тайм корпорейшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг тогтоовол үйл ажиллагааг нь зогсоож хаах ч эрх мэдэл нь энэ байгууллагад байгаа. Түүнчлэн “Жи тайм”-д элсээд байгаа иргэд буюу хэрэглэгчдэд хамгийн ойр байх ёстой буюу тухайн компани хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг тогтоовол их хэмжээний мөнгөөр торгох цаашлаад үйл ажиллагааг нь зогсоож ч чадах эрх мэдэл бүхий өөр нэг институт ШӨХТГ юм.

Тэгвэл тухайн байгууллага энэ чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар тодруулахаар манай сурвалжлах хэсэг ШӨХТГ- ыг зорьсон юм. Улмаар тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэнгээс энэ талаар тодруулсан ч тоймтой хариу авсангүй. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар нь лав сүлжээний бизнесээс болж иргэд хохирч болох эрсдэл үүсээд байхад мэдээгүй байгаа бололтой юм билээ.

Харин Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Цэрэндулам даргыг цайндаа гарсан цагаас эхлээд 15:30 цаг хүртэл хүлээсний эцэст нэг уулзаж чадсан юм. Тэрбээр “Одоогийн байдлаар манай байгууллагад хохирсон гэх иргэний гомдол мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ бид урьдчилан сэргийлэх чиглэлээр танай сониноор дамжуулаад зөвлөмж хүргүүлмээр байна” гэсэн юм.

Ийнхүү арга мухардсан бид тус газрыг орхин явахаас өөр арга байсангүй. Уг нь ШӨХТГ компани аж ахуйн нэгж байгууллагыг үйл ажиллагаа шударга явуулж байгаа эсэх, иргэдийг буюу хэрэглэгчдийг хохироож байгаа эсэхийг судалж, урьдчилан сэргийлдэг чиг үүрэгтэй байгууллага.Гэтэл энэ талын ажил хийгдэж эхлээгүй л байгаа бололтой байна.

Ядуурлыг бууруулах бус улам хөөрөгдөх “Жи тайм” гэх сүлжээний бизнесийнхний хэлсэн шиг “Нэг л өдөр би бахархалтайгаар “Би чадчихлаа” гэж орилох болно” гэдэг шиг иргэд маань эсрэгээрээ хэдэн мянгаараа “Би шатчихлаа” гэж орилолдох цаг үед нь л арга хэмжээ авч эхлэх юм уу. Орсон борооны хойноос цув нөмөрдөг үйлдлээ хэзээ болих юм бэ.

Н.Батзаяа

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн