Эдийн засагт хоёр хувийн өсөлт гарлаа

Манай улсын эдийн засаг өнөөгийн байдлаар хоёр орчим хувийн өсөлт үзүүлээд байна. Цаашид эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтвортой үргэлжилбэл энэ онд эдийн засагт томоохон ахиц гарах боломжтойг Монголбанкны удирдлагууд мэдэгдэв. Тухайлбал, чанаргүй зээлийн хэмжээ буурч, ажилгүйдлийн түвшин багасч, бизнесийн үйл ажиллагаа сэргэх эерэг хандлагууд гарсан гэнэ. Уг хандлагыг тогтвортой үргэлжлүүлэхэд гурван хүчин зүйл нөлөөлж байгааг төв банкны удирдлагууд тайлбарласан.

Юуны өмнө манай улсын гадаад худалдаа энэ оны эхний гурван сарын байдлаар 524 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 45.5 хувиар өссөн дүн аж. Үүнд нүүрсний орлого 5.4 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна. Үүнээс гадна Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлтийн дарамтаас түр гарсан.

Ингэснээр хөрөнгө оруулагчдын дунд эерэг хандлангууд бий болсон аж. Үүний нэг баталгаа нь Засгийн газраас гаргасан бондын худалдан авалтад гадаадын хөрөнгө оруулагчид санал ирүүлсэн байна. Нөгөөтэйгүүр, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт болох 800 орчим тэрбум төгрөг энэ онд орж ирнэ. Энэ нь эдийн засагт валютын томоохон урсгалыг бий болгох аж. Мөн манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн гэдгийг тэд хэллээ.

 Чанаргүй зээл ялимгүй буурчээ

 Чанаргүй зээлийн үзүүлэлтээр арилжааны банкуудын хэвийн ажиллагаа, аж ахуйн нэгжүүдийн чадамж, эдийн засгийн ерөнхий байдал зэрэг олон зүйлийг тольдож болдог. Өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ ялимгүй буурсан дүнтэй байна. Тодруулбал, чанаргүй зээл өмнөх сараас 34.6 тэрбум төгрөг буюу 3.2 хувиар буурчээ. Чанаргүй зээлийн 72.3 хувийг төгрөг, 27.6 хувийг гадаад валютын зээл эзэлж байгаа аж.

Нийт дүнгээр уул уурхайн салбар чанаргүй зээлээр тэргүүлж, үүний араас барилга, худалдааны салбар сүүл мушгиж байна. Хэдийгээр уул уурхайн салбар чанаргүй зээл, тэр дундаа валютаар авсан зээлийн үзүүлэлтээр тэргүүлж байгаа ч бүтээгдэхүүнийх нь үнэ өссөн тул санаа зовоох асуудал харьцангуй бага хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Харин худалдаа, барилгын салбарт үүссэн чанаргүй зээл ихээхэн санаа зовоож байгаа аж.

Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 55.2 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар буурсан байна. Хугацаа хэтэрсэн зээлийн 76.9 хувийг төгрөг, 23.1 хувийг гадаад валютын зээл эзэлж байгаа аж. Ипотекийн зээлийн хувьд 1.6 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Хугацаа хэтэрсэн зээл 2.6 хувийг бүрдүүлж байгаа аж. Өмнөх сард 1028 зээлдэгч нэмэгдэж 90436-д хүрчээ. Шинээр олгосон зээлийн 68.2 хувь буюу 44 тэрбум төгрөг нь хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл байна.

Түүнчлэн, хэвийн зээл өмнөх сараас 184.4 тэрбум төгрөг буюу 1.8 хувиар нэмэгджээ. Зээлийн өсөлт бага байгаа нь төв банкны мөнгөний хатуу бодлоготой холбоотой юм. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг 14 хувьд хүргэж өсгөсөн нь арилжааны банкуудын зээл гаралтыг бууруулж, эдийн засгийг агшаагаад байна.

 Валютын ханш бага хэмжээгээр суларч байна

 Өнгөрсөн сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 0.9 хувь буюу 23.4 төгрөгөөр чангарч 2447.5 төгрөг болжээ. Валютын нөөц өссөн, экспортын орлого нэмэгдсэн, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн олон хүлээлтээс үүдэлтэйгээр цаашид ам.долларын ханш суларна гэсэн хүлээлтийг төв банкныхан мэдэгдэж байна. Ам.долларын ханш өндөр байх нь импортын бараа бүтээгдэхүүний ханшид нөлөөлдөг. Өнөөгийн байдлаар Улаанбаатарын жилийн инфляци 2.3 хувь байна. Үүнд дотоодын бараа үйлчилгээ 1.8 нэгж, импортын бараа үйлчилгээ 0.5 нэгжийг бүрдүүлж байна. Харин сарын инфляци 1.3 хувь байгаагийн 1.2 нэгж хувийг дотоодын, 0.1 нэгж хувийг импортын бараа үйлчилгээ бүрдүүлж байна.

Эх сурвалж:

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн