Г.Баасан: Хашаа давахгүй, хаалга ханзлахгүй, харуулаар ёслуулаад ТӨРИЙН ОРДОНД орж байна

Өнгөрсөн долоо хоногт болсон оффшорын эсрэг цуглаанд  Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан оролцсон нь олон нийтийн хувьд сонирхолтой сэдэв болов. Сүүлийн таван жил аль нэгэн жагсаал цуглаанд бараагаа харуулаагүй Г.Баасантай 2012 оны арваннэгдүгээр сарын 22-нд хийсэн ярилцлагаа нийтэлж байна. Ярилцлага “Өнөөдөр” сонинд нийтлэгдэж байсан юм.

 

Эрх баригчдын гаргасан шийдвэр, алдаатай бодлогыг шүүмжлэн жагсаж, цуглаж явсан иргэний хөдөлгөөний удирдагчдын зарим нь УИХ-д сонгогдож, зарим нь төрд өндөр албан тушаал хаших болсноор өнөөдөр шийдвэр гаргагчдыг гудамжнаас шүүмжлэгчдийн орон зай эзгүйрэв. Энэ удаагийн “Сураг алдарсан хүн” буланд иргэний хөдөлгөөний удирдагчдын нэг, Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан оролцож байна.

-Иргэний хөдөлгөөний удирдагчид хувь хувиа хөөж, албан тушаал хаших болов. Харин Таны сураг дуулдахаа больсон байна. Яагаад ийм нам гүм болчихов?

-Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийг энэ онд бакалавр зэрэгтэй төгсөж, өнгөрсөн намраас магистрт сурч эхэлсэн. Ихэнх цаг хугацааг хичээл давтах, унших, бичихэд зориулж байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн. Энэ бол “Би байгаа шүү” гэдгээ харуулж буй нэг хэлбэр. Сонгогчид намайг УИХ-д байх ёсгүй гэж үзсэн учраас дахин сурахаар шийдсэн. Түүнээс биш гадаад дотоодод гарч, амин хувиа хичээж, хувийн бизнес хийж сураг алдраагүй.

-Шийдвэр гаргах түвшинд очсон тэр нөхдийн дуу хоолой бүдгэрч байна уу гэж олон нийт харж байна. Та санал нийлэх үү?

-Ганбаатар Оюутолгойн асуудлаар дуугарах гэж үзэж байна. Энэ хүний дуу хоолой хаана хүрч зогсох юм. Ямар нэг захиалгагүй, чин сэтгэлээс, яг өөрөөс нь гарч байгаа байр суурь мөн үү. Энэ нь нийт монголчуудын төлөө байж чадах уу гэдгийг цаг хугацаа харуулна. Харин Магнайг нэ лээн дайчин шаргуу, бас их оновчтой ажиллаж байгаад баярлаж байгаа. Яг ингэж ажиллах ёстой. Бусад хүмүүсийн тухайд юу бодож, юу санаж явааг нь үнэндээ хэлж мэдэхгүй. Юм хийх хүнд дөрвөн жил богинохон, хийхг үй хүнд бол их урт хугацаа. Ард түмэн аяндаа үнэлгээгээ өгөх биз. Би ч бас ард түмэнтэйгээ адилхан хараад сууж байя.

-Иргэний хөдөлгөөний удирдлагуудад төр санал тавиад нэг баг болоод ажиллаад эхэлчихсэн. Танд ажлын санал ирсэн үү?

-Эд чинь дандаа багаар тоглодог хүмүүс. Ер нь багаараа хулгайч байх их сайн юм биш үү. Над шиг хулгайч улсууд байвал нэгдэнэ, бусадтай нь нэгдэхгүй гэдэг. Цөөнх нь сонсож, олонхиор шийддэг зарчим ардчилал мөн ч олон хулгайч нийлж байгаад цөөнөө алдаг нь ардчилал биш байх. Баасан гэдэг хүн дандаа бусдыг шүүмжилдэг, гудамжинд жагсдаг, хүний мууг хардаг хүн биш. Хэрвээ ажлын санал ирвэл “ингэж хийдэг юм” гэдгийг харуулах хүсэл хүн бүрт байдаг шиг надад ч бас байна. Одоо бол Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа. Ажлынхаа дагуу Н.Алтанхуяг сайдад саналаа оруулж байна. Баасан Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа юу хийж, ямар асуудал зөвлөж байсан юм гэдгийг Монголын ард түмэн хэзээ нэгэн цагт асуух учраас асуудлаа цаасан хэлбэрээр өгч нэг хувийг өөртөө авч үлддэг.

-Зөвлөхөөр ажиллах саналыг Ерөнхий сайд Танд өөрөө тавиа юу?

-Үгүй, манай ахмадууд та заавал энэ асуудлыг тавь гэсэн учраас тэдний шахалтаар өөрөө хүсэлт гаргасан.

-Цалинтай юу?

-Байхгүй. Гэхдээ Ерөнхий сайдын зөвлөхийн улаан үнэмлэхний хүчинд хашаа давахгүй, хаалга ханзлахгүй, харуулаар ёслуулаад Төрийн ордонд ордог болсон.

-Ерөнхий сайдад санал болгосон Таны ажлууд хэрэгжиж байна уу, тэгээд?

-Өнгөрсөн сарын 1-нээс хойш гурван удаа 17 санал тавьсан. Хоёр нь биелсэн.

-Төрд алба хашиж буй, хамтран зүтгэж байсан нөхдүүд тань тантай найз нөхөд, хүний хувиар холбоотой байдаг уу?

-Иргэний нийгмийн хөдөлгөөнийг удирдан чиглүүлж, заримдаа хамтарч байсан хүмүүсийн хамгийн ахмад нь судлаач Ганхуяг бид хоёр. Бусад нь надаас насаар харьцангуй залуу улс. Тэд холбоо барьж, санал солилцдоггүй. Том хүмүүс болсон учраас би тэдэнд юу хэлэх юм.

-Баасан гуай Ерөнхийлөгчөөс хоёр өрөө байр авчихаад тэмцлээ өндөрлөсөн гэх мэдээлэл олны дунд яригддаг. Танд таатай сонсогдохгүйг ойлгож байгаа ч асуултад хариулна гэж найдаж байна?

-Энэ бол ташаа ойлголт. Би Элбэгдорж гэдэг хүнээс байр аваагүй. Би МоАХ-ны Хүний эрхийн дээд шагналаар шагнуулж, энэ байгууллага миний монгол хүн амьдарсан шиг амьдрах ёстой гэж зүтгэсэн тэмцлийг маань үнэлж хоёр өрөө байр өгсөн. Байрыг би ганцаараа ч аваагүй. МоАХ жил бүр Монгол Улсын ардчилал, хүний эрх, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө зүтгэсэн хүмүүсийг байраар шагнаж байгаа. Ная орчим хүн байр аваад байгаа байх. Тэр байрны нэг надад ирсэн болохоос би амаа таглуулах гэж байр аваагүй.

-Иргэний хөдөлгөөний дуу хоолой үгүйлэгдмээр шийдвэр гарсаар байна. Гэтэл Та чимээ аниргүй байгаад байдаг. Тэмцэхэд нөхөд дутаж, ганцаардах юм уу?

-Би ер нь хэзээ ч ганцаардаж байгаагүй. Ганц дайчин ганцаарддаггүй гэж үг бий. Надад цорын ганцаараа тэмцэх өдөр байсан ч бид олуулаа болж чадсан. Цаашид ч тэмцэнэ. Монголын ард түмэн Баасан хэзээ дуугарах бол гэж хараад сууж байгааг би мэдэж байна. Шинэ Засгийн газар гарчихлаа, эд нар шинэчлэгдье гэж байна. Харъя, үнэн үү худал уу гэдгийг. Тэр хүмүүс өөрсдийнхөө хэн бэ гэдгийг ард түмэнд харуулах ёстой. Тийм учраас дуугараагүй. Харин Ахмадын байгууллагыг толгойлоод ажиллавал тэтгэвэр тэтгэмжийн бодлогыг өөрчлөхсөн гэж боддог. Анх би ахмад настны тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар жагсаал хийж байсан. Ахмад настан, ахмад дайчдыг орон сууцтай болгосон, олон хүүхэдтэй эхэд жилд нэг удаа тэтгэлэг олгосон. Энэ бүхэн нойр хоолгүй, хүйтэнд хөрч, халуунд халж, хамаг муу муухайгаараа хэлүүлж тэмцсэн тэмцлийн минь үр дүн. Намуудын мөрийн хөтөлбөрт дандаа миний хийсэн ажил бичигдсэн байдаг юм.

-Төр шинэчлэгдэнэ гэдэгт итгэж байгаа юу. Томилгоог тойроод төрийн алба төрлийн алба болсон гэх шүүмж тасралтгүй өрнөж байна. Шинэчлэл гэх үг хоосон лоозон, тунхаглал маягтай болсныг иргэний хөдөлгөөнүүд шүүмжилж баймаар санагдах юм?

-Эд Монгол Улсыг 20 жил удирдаж яваа. Аль хэзээний л Р.Гончигдорж, Да.Ганболд. Тэднийг гэв гэнэт шинэчлэгдэнэ гэдэгт би итгэхгүй байгаа. Шинэчлэгдье гэж хүсэж байгаа бол сайн л байна. Аль юмыг хараар будахав. Цаг хугацаа үнэн худлыг хэмжээд, ард түмэн 2016 онд дүнгээ тавьчихна. Яг өнөөдөр улс эх орноо аваад явчих чадалтай залуусын төрд орох боломж маш хязгаарлагдмал шүү дээ. Заавал аль нэг нам, бүлэглэлд багтах, эсвэл тэдэнд таалаг дах, тааламжтай байлгах ёс той болдог. Гэхдээ их сонин, манай ард түмэн чинь жагсдаггүй юм. Хүмүүс Баасан гуай та хаачив, хүмүүс таныг үгүйлээд байна гэдэг. Би байна, хүрээд ир гэхээр ирдэггүй. Монголчууд өнөөдөр бүгдээрээ Баасан шиг байсан бол газар нутаг нь бүхэл бүхлээрээ зарагдаж, УИХ-д тэр олон луйварчин орж, увайгүй байдал хавтгайрахгүй байсан.

-Ирэх оны төсөвт тэтгэвэр тэтгэмж нэмэх ямар ч эх үүсвэр тусгагдсангүй. Яг энд Таны болон нөхдийн чинь дуу хоолой үгүйлэгдэж байсан. Жишээ нь УИХ-ын гишүүн Батзандан, Уянга нар юм дуугарсангүй. Яагаад тэр вэ?

-Би тэднийг дуугарах болов уу гэж харсан. Намайг дуугарахаар миний дуу хоолойг аваад давхидаг хүмүүс өөрсдөө юу дуугарах бол гэж. Харамсалтай нь дуугараагүй. Ер нь тэтгэвэр бол гомдолтой асуудал байдаг. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа ахмадуудын тэтгэвэр бүтээн байгуулалтад өгсөн залуу насных нь дэргэд юу ч биш. Үүнийг манай залуус сайн ойлгодоггүй, зүгээр л юм нэхээд байна гэж боддог.

-Таны ажлын өрөө нийслэлийн “А” зэрэглэлийн бүсэд, шинэ барилгад байрлаж байна. Энд өрөө түрээсэлж байгаа нь хүмүүст “мөнгөтэй байна” гэсэн хардлагыг төрүүлнэ дээ?

-Хардаж л байг.

-Түрээст сард хэдийг төлж байна?

-Би ганцаараа төлдөггүй. Үүдэнд хаяг байгааг харсан биз дээ. Энд байгаа гурван байгууллага нийлж төлдөг. Манай холбоо гишүүдээсээ сарын 500 төгрөгийн татвар авдаг, дээр нь хандивтай. Муу сайн ч гэсэн Монгол Улсын төлөө зүтгэж байгаа учраас биднийг харж ханддаг газрууд бас бий.

-Таны тэмцлийн ид үе Д.Сүхбаатарын талбайн урд байрлах хуучин хоёр давхарт явагдаж байсан. Энэ байрыг Нийслэл авах гэж гэрэл цахилгааныг нь хүртэл тасалсан ч Та өгөхгүй гэж нэлээд үзсэн. Одоо тэнд барилга баригдаж байгаа. Тохироонд хүрчихээд байраа чөлөөлсөн үү?

-Тэр байр нийслэлийн өмч. Өмчийн эзэнд захиран зарцуулах эрх нь бий. Байрыг би бүтэн зургаан жил малласан. Ус, тог, дулаан байгаагүй ч бид ажлаа явуулж л байсан. ИТХ-ын дарга байсан Н.Болормаа тэр байрыг солонгосчуудад өгөх тогтоол гаргасан учраас анх маргаан үүссэн. Болормаа тогтоолоо цуцалсан хэрнээ дахин солонгосчуудад өгөх гэж их үзсэн. Харин бид тэмцэж, гурван шатны шүүхээр явж байж, гадаадын хүмүүсээс холдуулж чадсан

-Одоо хэний мэдэлд байгаа вэ?

-Байр өнөөдөр хэний мэдэлд байгааг Хотын захиргаанаас асуу. Би бол ямар ч тохироо хийгээгүй. Өмчийн эзэн өмчөө авахад би тохироо хийх шаардлага байхгүй.

-Төрийн ордны үүдэнд цагдаа заамдсан Таны нэг зураг байдаг. Хожим тэр агшин Танд ямар бодол төрүүлдэг вэ?

-Тэр зураг шилдэг зургаар шалгарч үзэсгэлэнд тавигдсаныг дуулаад миний буянаар нэг хүн шагнал авсанд би баярласан. Энэ зураг Монголын ээж нарыг тэтгэлэгтэй болгох гэж тэмцэж явсан үеийн гэрч. Би цагдаа зодсон нэртэй болтлоо тэмцэж байж, Монголын ээж нарыг тэтгэлэгтэй болгосон. Тийм учраас үе үеийн ээж нар үүнийг битгий мартаасай гэж хүсдэг. Эрх зүйч болсныхоо дараа тэр агшныг хараад хуулийн дагуу амьдрах ёстой нийгэмд би нударга үзүүлж. Нударгаар биш хуулиар ярих ёстой байж гэж бодсон. Түүнээс өмнө тэр талаар боддоггүй, бодох зав ч байгаагүй.

-Нэг цагдаа нударганд өртсөн байдаг. Тэр танд ямар нэг үг хэлсэн ч юм уу, үйлдэл үзүүлсэн учраас онцолсон уу. Тэгж бодогдохоор харагддаг юм?

-Эхлээд нэг эгнээ цагдаа байсан. Тэгээд хоёр, гурав, дөрвөн эгнээ болчихсон. Миний гарт таарсан нь хөөрхий тэр цагдаа. Онцолсон юм байхгүй, тэр хүүхэд надад ямар ч үг хэлээгүй, дараа нь ч хэлээгүй. Миний өөдөөс жагсаж байсан цагдаа нар “Гүйцэтгэе” командаар ажиллаж байгаа, форм өмссөн жирийн л иргэн. Тухайн үед ангир цагаан сүүгээ хөхүүлж үрсээ өсгөсөн ээж нар ордонд орно гэхэд нүсэр хамгаалалт угтсан. Тэгээд бухимдахдаа “Та нарын дунд ээжээс төрсөн хүн алга уу” гэж хэлээд бариад авсан. Би цагдаа нарыг ойлгодог. Яагаад гэвэл миний дүүгийн хүүхэд цагдаа. Цалин нь хүрэхгүй, хүүхдийн хоолны мөнгө, гэрийн хүнсээ залгуулах гэж гутлаа зарж байсныг би мэднэ. Тиймээс би Амарболд генералтай муудалцахдаа “Чи цалинг нь 500 мянган төгрөг болгочихоод миний өөдөөс цагдаа тавиарай” гэж хэлж байсан. Миний хэлсэн ярьсан болгон амьдралаас ургадаг болохоос би сонин хэвлэл, уран зохиолын ном уншаад юм яриад байдаггүй.

-Хэрвээ Баасан гэдэг хүн дахин тэмцлээ эхэлбэл хэзээ, ямар өнгөөр гарч ирэх бол?

-Миний өнгө өөрчлөгдөхгүй. Засгийн газар шударга ажиллаж чадахгүй бол би тэмцэнэ. Би өнөөдөр хуулийн сургуульд сурч байна. Та нар мэднэ дээ. Намайг таван удаа баривчилсан. Намайг дахиад баривал барина л биз. Надад айгаад байх юм алга. Гэхдээ хүн юм чинь мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Би социализмын үед Багшийн сургууль төгссөн. Нийгэм өөрчлөгдөхөд С.Зоригийн нэрэмжит коллеж, Удирдлагын академийг төгссөн. Тэгсэн ч гэсэн намайг жагсаад, тэмцээд, орилоод, бархираад чин сэтгэлээсээ явж байхад “Галзуу, гудамжны авгай” гэж их доромжилсон. Би тархи, зүрхгүй, галзуудаа гудамжинд тэмцээгүй. Тийм учраас намайг ингэж хэлж байсан хүмүүсийн амыг таглахын тулд сурч байна. Намайг ойлгоогүй үлдсэн хүмүүст би хариу барих дуртай.

 

One thought on “Г.Баасан: Хашаа давахгүй, хаалга ханзлахгүй, харуулаар ёслуулаад ТӨРИЙН ОРДОНД орж байна

  1. Bulegleliin togloom Mongol uls bish 2017-04-17 10:41 at 10:41

    Baliar hel amnii buzartai avgai battulgaas bair avsnaa huleej unenee helchihlee.odoo ene ofshore geed bgaa ni battulgiin nohoinuud elbegdorjiig unagaj,busdaas hariu avah gesen hort nairuulga.zasaglal unalaa gehed tsaanaas ni buur jinhene luivarchin,gudamjni mafiin bulegleliin tolgoilogch garch ireh ni todorhoi bolloo.mongol ulsiig ih doronjilj bna da.gevch mongolchuud iimhen yumiig medehteigee bolson

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн