Үндэсний статистикийн хороо уламжлал ёсоор сар тутамд танилцуулдаг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын статистик мэдээг өнөөдөр (2017.04.02) танилцууллаа.

Гуравдугаар сард мөнгөний нийлүүлэлт 12.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас 79.5 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Мөнгөний нийлүүлэлт буурсан нь төгрөгийн болон валютын хадгаламж буурсан. Мөн Төгрөгийн харилцах, хадгаламжийн байгууллагаас гадуурх эргэлтийн мөнгө буурсантай холбоотой юм байна.

Энэ оны эхний улиралд Монгол Улс 119 оронтой худалдаа хийсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2076.1 сая америк доллар, үүнээс экспорт 1299.9 сая америк доллар, импорт 776.2 сая америк доллар байна.

2017 оны гуравдугаар сарын эцэст 47.6 мянган иргэн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлжээ. Тэдний 34.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд. Харин 13.2 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд юм байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1.0 мянган хүнээр буурч, өмнөх сараас 311 хүнээр өссэн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.8 мянга нь Улаанбаатарт байгаа бол тэдний 45.4 хувийг бүрэн дунд, 31.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 5.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.8 хувийг магистр, доктор, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.6 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2017 оны 3 дугаар сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны эцсээс 3.1 хувь, өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өсчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.7 хувь (сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 7.8 хувь), орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 1.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод 2017 оны 3 дугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 329 нэрийн бараа, үйлчилгээний 26.5 хувийнх нь үнэ өсөж, 9.7 хувийнх нь буурч, 63.8 хувийнх нь үнэ тогтвортой байна. Судалгаанд сонгогдсон хүнсний 93 нэрийн барааны 62.4 хувь буюу 58 нэрийн барааны үнэ нэмэгджээ гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн