МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг томиллоо.

Энэ талаар МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бүлгийн үүрэг хамгийн чухал. Мөн УИХ-ын болон бүлгийн гишүүдийн нэр хүндийг дээшлүүлэх, хариуцлагыг сайруулах талаар онцгой анхаарах шаардлагатай байгаа. Энэ дотор бүлгийн эв нэгдлийн тухай асуудал бий. Бүлгийн гишүүдийн эрхийг хамгаалахтай холбоотой асуудал ч байгаа. Тиймээс би энэ тал дээр онцгой анхаарал тавьж ажиллана. Энэ удаагийн УИХ хууль батлах үйл ажиллагаа доголдолгүй явж байгаа. Бүлгийн эв нэгдлийг хангаж ажиллах нь чухал байна” гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Бүлгийн эв нэгдлийг хангаж ажиллана гэлээ. Гэтэл өмнөх дарга чинь ингэж ярьсаар байгаад ажлаа өглөө. Намын дарга чинь бүлгээ хагаран бутаргасан гэж огцруулсан. Гэтэл үнэндээ ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооц гэж шаардлага хүргүүлээд, үүнээсээ болж огцорлоо. Таны хувьд бүлгийн эв нэгдлийг яаж хангаж ажиллах вэ. Хулгай луйврыг хаацайлаад явах юм биш биз дээ?

-Нийгмийн бухимдлыг бид мэдэрч байгаа. Ер нь манай УИХ, Засгийн газар шударга ёсыг тогтоох гол чиглэлд явж байгаа. Би нэр хүндээ сэвтээсэн, хууль бус асуудалд холбогдсон гишүүдийг хамгаална гэж яриагүй. Бүлгийн гишүүдийн дотроос ЖДҮ-ийн асуудалд холбогдсон гишүүд байгаа. Ёс зүйн хүрээнд хариуцлагаа хүлээгээд явж байгаа. Хууль зүйн хүрээн дэх хариуцлагын хувьд хууль хяналтын байгууллага шалгаж байна. Үүний дараа тэдний асуудлыг ярина.

-Гишүүдийн эрхийг хамгаална гэлээ. Гишүүдийн ямар ямар эрх зөрчигдөж байна вэ?

-Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дархлааг нь бий болгох чиглэлд анхаарах асуудал байна.

-Засгийн газрыг огцруулахаар гишүүд гарын үсэг зураад байна гэж байгаа. Энэ тал дээр шинэ бүлгийн даргын байр суурийг сонсъё?

-Цаг үе амаргүй байна. Засгийн газраа огцруулах асуудлыг одоо ярих болоогүй гэж бодож байна. Бүлгийн шинэ даргын хувьд ойрын үед бүлгийнхээ гишүүдтэй уулзаж ярилцах, энэ чиглэлээр нэлээд ажиллах бодол байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн