Хил давуулсан дарьтай торх буюу оффшорчдын нууц

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ (2017.04.10-16)

[starbox]

Зүүрмэглэж байсан улс төр сэрэв: УИХ-ын хаврын чуулган эхэлж, удтал зүүрмэглэсэн улс төрийг хөдөлгөөнд оруулсан долоо хоног болж өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль хаалга тогшиж байх энэ үед УИХ-ын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэллээ. Энэ удаагийн чуулган Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон, удахгүй халаагаа өгөх Ц.Элбэгдоржийн хувьд парламентын танхимд Ерөнхийлөгчийн хувиар үг хэлэх сүүлийн боломжийг олгож байгаа.

Ерөнхийлөгч ч энэ боломжийг ашиглан эрх баригчдын зүг хатуухан үг чулуудав. Тархай бутархай, тарамдаж гүйцсэн АН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийгээ ч сойгоод ялалтын буухиаг өвөртөлж амжихгүйг улстөрд ойр хүмүүс хэлэлцэж байгаа. Тиймээс МАН-ын хэт олонхиос бүрдсэн УИХ Ц.Элбэгдоржийн үгнээс авахыг нь авч, гээхийг нь гээх биз ээ.

Татвар нэмнэ & татвар төлөхгүй: Парламент хуралдаж эхлээд Засгийн газраас өргөн барьсан 2017 оны улсын төсөвт тодотгол хийх тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын тулд зайлшгүй хэлэлцэх ёстой болсон төслийг Сар шинийн баяраас хойш ашиг сонирхлын олон эх сурвалж хүлээж байсан юм. Цөөнгүй төрлийн татвар нэмэх төлөвлөгөө нь ийм хүлээлт үүсгэж, төсөл ч УИХ дээр хэлэлцэгдэж эхлэв.

УИХ-ын чуулганы нээлттэй зэрэгцэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ынхан бизнес эрхлэгчидтэй “хөтлөлцөн” хэвлэлийн хурал хийж, УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүллээ. Тэд УИХ 2017 оны төсөвт тодотгол хийж, татвар нэмэх асуудлыг шийдэх гэж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, 2016 оны нэгдүгээр сараас төсвийн орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь бизнес эрхлэгчдийн хувь нэмрээр бүтсэн амжилт. Гэтэл Засгийн газраас татвар нэмэх саналыг УИХ-д өргөн барьж байна. Төр татвараар дарамтлахаа болихгүй бол татвар төлөхгүй гэж айлгав.

УИХ дээр төсвийн тодотгол хэлэлцэгдэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг төслийг “муу” хэмээн үнэлсэн бол Сангийн сайд Б.Чойжилсүрэн Засгийн газар, Сангийн яам хоёр маш их хичээл зүтгэл гарган ОУВС-тай хэлэлцээр хийж байгаа. Өөр гарц байхгүй гэж төслөө хамгаалж байна. Төслийг тойрсон шүүмжлэл, гомдол зарга өрнөж байгаа ч импортоор орж ирж буй суудлын автомашин болон согтууруулах ундаа, тамхинд ногдох онцгой албан татварыг нэмэх, тэтгэврийн сан зардлын шимтгэлийг 20-22 хувь болгох, хүүхдийн мөнгийг нөхөн олгохгүй. Тэтгэвэрийн насыг 65-аар тогтоосон зэрэг анхаарал татсан асуудал ихтэй төсвийн тодотгол өнгө зүсээ нэг их хувиргахгүй л болов уу.

Арилжааны банкуудын арга ядсан заль: Өнгөрөгч долоо хоногт Монгол банк “Төв банк санхүүжилтээ зогсоосон учраас ипотекийн 8 хувийн зээл олгохгүй” хэмээн иргэдийг хууран мэхэлсэн арилжааны банкуудыг илчиллээ. Төв банк ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд арилжааны банкуудад сар бүр 25-35 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгаа. 2016 оны аравдугаар сараас хойш 142.3 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зориулж гаргасан хэмээн мэдэгдэв.

Борлуулалт нь үндсэндээ зогссон үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь хямарлын үеийн хамгийн эмзэг сэдвийн нэг болсон. Арилжааны банкууд ипотекийн зээл авахыг хүссэн иргэдээс биш өрийн сүлжээнд тээглэсэн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдээс болгоомжлохдоо олон нийтэд худлаа мэдээлэл өгч байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Ирэх долоо хоногоос иргэд болон шийдвэр гаргагчид арилжааны банкууд хууран мэхлэлтээ үргэлжүүлэх үү, зогсоох уу гэдгийг анхааралтай ажиглаж эхлэх биз ээ.

АН-ын эргэн тойронд: Туйлдатлаа сонгуульдаж, сонгууль бүрийнхээ дараа иргэдээс гашуун үг дуулах болсон АН-ын дотоод сонгуулийн дүн даваа гаригт гарав. Юутай ч тус намын нийслэл болон орон нутаг дахь салбарууд “шинэ толгойтой” болж, намын төв аппарат нь Үндэсний бодлогын хорооны гишүүдээ “цуглуулав”.  Олон удаагийн давталттай мэдэгдлээр бол АН Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө намын Их хурлаа хуралдуулж, нэр дэвшигчээ сунгаагаар тодруулах байсан. Гэвч “хугацаа бага үлдсэн” гэсэн шалтгаанаар энэ үйл явцыг алгасахаар болсон гэж эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Энэ байр суурь нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой улстөрчдийг хөдөлгөөнд оруулжээ. Өнгөрсөн долоо хоногт Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Чулуудай мэдэгдэл хийж “Оффшортой тэмцэх Ард түмний онц түр зөвлөл /АТОЗ/ ямар нэгэн баримт материал байвал ил гаргаж тавь гэсэн. Би хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор компани байгуулсан ч гүйлгээ хийж байгаагүй” гэв. Ингэснээрээ аавынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх замыг цэвэрлэж байна гэж тэр үзсэн бололтой юм. Зэрэгцээд Д.Дорлигжав мөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Харин түүний энэ мэдэгдэл “Ганц ч сонгуульд ялж байгаагүй хүн нэр дэвших юм гэнэ” гэсэн гашуун үгийг дагуулжээ.

“Эрдэнэт”-ийг тойрсон адал явдал: Эрдэнэт” үйлдвэрийн асуудал энэ долоо хоногийн онцлох сэдвийн нэгд тооцогдож байна. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн бол шинэ ТУЗ хуралдан дэд захирлуудыг шинээр томилж, Ерөнхий захирлын цалингийн хэмжээг тогтоосон юм. Шуугиант мэдээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор үргэлжлүүлж “Эрдэнэт үйлдвэрийн захирлын цалинг 10 мянган доллараар тогтоох саналыг би зөвшөөрсөн. Дэлхийн хэмжээний үйлдвэрийг удирддаг захирлыг цалин 10 мянган доллар байх нь зөв хэмээн мэдэгдэв.

Мөн даваа гаригт “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Оросын мэдлийн 49 хувийг худалдан авч байсан “Монголын зэс” корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин УИХ болон Засгийн газрын шийдвэрээр нэгэнт хүчингүй болсон үйлдвэрийн хуучин гэрчилгээний асуудлаар зарга үүсгэсэн юм. Өмнө нь олонд төдийлөн үзэгдэж харагддаггүй байсан 27 настай Ц.Пүрэвтүвшинд харин мэдээллийг олон нийтэд дамжуулдаг хэвлэлүүдээс өөр хань олдсонгүй.

Албан тушаалын гэмт хэрэг ба оффшор: Даваа гаригт таван өдөр үргэлжилсэн ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал дуусч, анхан шатны шүүх Г.Дэнзэнд 3.6 жил, Я.Батсуурьд хоёр жилийн хорих ял оноов. Тэд улс төрийн томилгоогоор төрийн өндөр албан тушаал хашиж, төрийн өмчийг хувьдаа завшаад хорих ялаар шийтгүүлсэн анхны бас сүүлчийн хүн биш юм. Гол нь буруутай этгээдүүд цөөн хэдэн жилийн ял аваад салах биш буруу аргаар олж авсан хөрөнгөө эргүүлэн төлөх нь чухал. Ийм эрүүл тогтолцоог цаг үе шаардаж байгаа билээ.

Нэг хоёр нь албан тушаалын гэмт хэргээр хорих ял эдлэхээр болж байхад нөгөө талд Сү.Батболд, С.Баярцогт нарын улстөрчдийн оффшор данстай холбоотой мэдээллийг АНУ-д төвтэй Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага дахин сөхөв. Яг зэрэгцээд дөнгөж хуралдаж эхэлсэн УИХ Оффшорын хууль хэмээн товчлон нэрлэгдсэн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг батлахаар ойрын үед хэлэлцэх асуудлын дараалалдаа багтаасан байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “УИХ дахь МАН-ын бүлэг хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчид болон тэдний үр хүүхдүүдийг оффшор бүсэд данс эзэмших, мөн хувьцаа эзэмшихийг хориглосон. Хууль батлагдахаар оффшор бүсэд хөрөнгөө нуусан, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалаа ашигласан этгээдэд хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэхийг шаардана. Оруулж ирэхгүй бол илрүүлж хүчээр хурааж, Монгол Улсад оруулж ирэх арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэцгээсэн бол хуулийн төсөл сайдын яриа хоёрын дунд чамгүй зөрүү байгаа гэдэг асуудал УИХ дээр өрнөж байгаа юм.

Оффшор бүс, оффшор данс. Энэ бол монголчуудын хувьд эмзэг сэдэв. Олон нийт оффшорчдын эсрэг дуу нэгтэй эсэргүүцэл үзүүлж байна. Сүүлийн жилүүдийн үйл явцаас харахад Монголд аль нэг сонгууль ойртох, олон улсын гэрээ хэлэлцээр хийгдэх эсвэл парламент нь оффшорын хуулийг хэлэлцэх сургаар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага монголын оффшорчдын тухай мэдээ тээсэн дарьтай торхийг хэдэн хил давуулан нисгэдэг болсон. Ингэхэд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага гэж ер нь яг ямар зорилго чиглэлтэй байгууллага юм бэ. Тэд Монголд өрнөж байгаа халуун үйл явдлын бай-г ямар хурдан ононо вэ. Мэдээллээ өгвөл өгсөн шиг өгөөд, оффшорчдоо илрүүлэхэд тусалсан шиг тусалчихгүй яагаад нохойн баас шиг цувуулаад байгаа юм бол? Эдгээр асуулт сонирхол татахгүй байна гэж үү.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн