Сарын дундаж цалин 1,025,600 төгрөг байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны наймдугаар сарын үзүүлэлтээр сарын дундаж цалинг энэ оны эхний хоёрдугаар улирлын байдлаар 1,025,600 төгрөг хэмээн тооцжээ. Энэхүү дүнг гаргахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэдэг бөгөөд 39,700 аж ахуйн нэгж, байгууллагын 636,500 ажилтан хамрагдсан байна.

Шимтгэл төлж буй ААН, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1,500 буюу 4.0%, өмнөх улирлаас 900 буюу 2.4%-аар өсчээ.  Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41,700 буюу 7.0%, өмнөх улирлаас 34,400 буюу 5.7%-аар тус тус нэмэгджээ. Харин нийгмийн даатгал төлж буй эдгээр ажиллагчдын 7.4 хувь буюу 46,900 нь 240,000 төгрөг хүртэлх цалинтай байгааг доорх график харуулж байна. Ийм хэмжээний цалинтай иргэдийн тоо өмнөх улирлаас 3,500-аар нэмэгдсэн бол 500,001-700,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2,000-аар буурсан үзүүлэлттэй байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уламжлал ёсоор уул уурхай, олборлолтын салбарынхны дундаж цалин 2.5 сая төгрөг байгаа бол урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага хэвээр буюу 612.6 мянган төгрөг байна. Дунджаар 1,025,600 төгрөгийн цалинтай иргэн гар дээр хэдэн төгрөг авахыг доор харуулав.

Ажиллагчдын тооны бүлгээр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар буюу 1-9 ажиллагчидтай ААН, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 634,500 төгрөг байгаа бол 100-199 ажиллагчтайнх 1.0 сая, 200 ба түүнээс дээш ажиллагчтай томоохон байгууллагуудын дундаж цалин 1.5 сая төгрөг гэсэн судалгааны дүн гарчээ.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 134.7-174.8 мянган төгрөгөөр их байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. 

One thought on “Сарын дундаж цалин 1,025,600 төгрөг байна

  1. йуы 2018-09-12 17:43 at 17:43

    Худлаа мэдээлэл хэн хаана 1 төгрөг аваад байгаа юм. Бодитой юм бичмээр юм

    Хариулах

йуы-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн