“Есдүгээр сарын 1 ерөөсөө бидний баяр” энэ жил багш нар ажил хаяна гэсэн сүрдүүлэгтэйгээр эхэллээ. Багш нарын ажил хаялтын тухай мэдээлэл энэ Засгийн газрын хувьд шинэ зүйл биш бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нд буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ч багш нар ажил хаяхаа сануулсаар есдүгээр сарын 1-тэй золгож байв. Тухайн үед багш нарын цалин нэмэгдүүлэх Түр хорооноос цалинг 1.6 саяд хүргэхийг шаардсан бөгөөд хэрвээ нэмэхгүй бол сануулах ажил хаялт хийх, улмаар хугацаагүй ажил хаяхаа мэдэгдсэн юм. Тэд уг шаардлагаа Засгийн газарт тавьсан бөгөөд Ж.Эрдэнэбатын Засгийн газраас наймдугаар сарын 25-нд хариу ирүүлж байв.

Засгийн газраас ирүүлсэн хариунд:

“УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлагдсан төсвийн алдагдлыг 2,642 тэрбум төгрөгт багтаах үүргийг Засгийн газар хүлээсэн. 2018 онд багш нарын цалинг нэмэгдүүлэхэд 1,139 тэрбум төгрөг болж байгаа учраас нэмэлт эх үүсвэр гаргахаар ирэх оны төсвийн алдагдлын 43,1 хувьтай тэнцэх хувь хэмжээ хүрсэн байна.

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх 2018 онд Төрийн албан хаагчдын цалин хөлсийг улсын төсөвт дарамт учруулахгүйгээр нэмэгдүүлэх боломжийг хангах талаар бид идэвхтэй ажиллаж байна. Тиймээс багш нарын цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэсэн хариу өгч байв.Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал хэтрэх тул цалинг нэмэх боломжгүй гэсэн хариуг Ж.Эрдэнэбатын Засгийн газраас өгч байв.

Багш нар уг хариуг хүлээж аваагүй бөгөөд хэлсэндээ хүрч, есдүгээр сарын 21.26-нд хоёр ч удаа сануулах ажил хаясан билээ. (Ингэж Монголын багш нар ажил хаясан мэдээг эргэн уншихыг хүсвэл ЭНД дарж уншина уу)

Багш нарын хугацаагүй ажил хаях шаардлага 2017 оны аравдугаар сарын 20-нд бүрдсэн У.Хүрэлсүхийн Засгийн газарт дамжиж ирэв. “2019 он хүртэл цалин нэмж болохгүй” гэх хатуухан сануулгыг ОУВС-гийн өмнө хүлээсэн өмнөх Засгийн газрын шийдэж чадаагүй олон асуудлын нэг нь багш нарын цалингийн нэмэгдэл байв.

Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэгийн багш хугацаагүй ажил хаялтад нэгдсэн бөгөөд шинээр томилогдоод удаагүй ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар ойлголцлын уулзалтуудыг удаа дараа хийсний үр дүнд багш нар хичээл, хүмүүжийн ажлаа хэвийн үргэлжлүүлсэн юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тухайн үед төрийн өмчийн цэцэрлэг, сургуулиудын захирлуудад харилцан ойлголцлын албан бичиг хүргүүлэхдээ “Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ бодит байдлаас зугтаж чадахгүй. Цалингийн асуудлыг хүч тулгасан, суралцагч, эцэг эх, олон нийт, багш нарын эрх ашгийг хохироосон, нийгэмд эмх замбараагүй, тогтвортой байдлыг өдөөн хатгасан, турхирсан байдлаар шийдвэрлэхгүй. Ажил хаялт, эмх замбараагүй байдал цалин нэмэх хөрөнгийг бий болгохгүй” гэж мэдэгдэж байв.

Ямартай ч тухайн үед тохиролцоонд хүрч, багш нарын цалинг алагчлалгүй нэмэх, уг нэмэгдлээ үр дүнгийн урамшуулал хэлбэрээр олгох тохиролцоонд хүрсэн.

Энэ тохиролцооны дагуу У.Хүрэлсүхийн Засгийн газар гарц, гаргалгааг олж, яаравчлан шийдсэн нэг асуудал нь төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн буцалтгүй тусламж өгөх шийдвэр байсан бөгөөд төсөвт ийм гаргалгаа гаргаж чадсан нь хямарсан төсөвтэй тухайн үед маш том шийдэл байв. 192 мянган төрийн албан хаагч тус бүрт нэг удаагийн нөхөн олговор болгон 300 мянган төгрөг өгөхөд 54.9 тэрбум төгрөг шаардлагатай болсон юм.

Харин яг албан ёсоор цалин нэмэх шийдвэрийг энэ оны наймдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргав. Ингэхдээ энэ есдүгээр сарын 1-нээс эхлэн бага ангийн болон цэцэрлэгийн багшийн цалин 12.3 хувиар буюу 88 мянга орчим төгрөгөөр нэмжээ. Мөн өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2018 онд төсөвт суусан эх үүсвэрийнхээ хүрээнд цалинг нэмнэ. 2019 онд инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхээр ОУВС-тай ойлголцож тохиролцсон” хэмээн мэдэгдсэн билээ.

Өмнөх 2012-2016 онд ажилласан Засгийн газрын үлдээсэн асар их өрний доороос өндийхийн зэрэгцээ цалин нэмэх эх үүсвэр гаргана гэдэг Сангийн сайдын хувьд ч үнэхээр ухаан, чадвар шаардсан ажил. Есдүгээр сарын 1-ний өмнөх өдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр Сангийн яам “Сайн малчин” хөтөлбөрийн 200 тэрбум төгрөгийн зээлийг төлж дуусгаснаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сошиал хуудсаараа мэдэгдэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Одоо 2016 оны 6-р сард мөнгө хэвлэж 300, 300 мянгаар тараасан “Сайн хувьцаа” нэртэй зээлийн 374 тэрбум төгрөгийн ӨР үлдлээ. Ямар хэцүү дуусдаггүй өр вэ” гэжээ.

Мэдээж цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх, эсвэл 1 сая 600 мянгад хүргэхийг шаардсан багш нарын төлөөлөл энэ шийдвэрийг хангалтгүй гэж үзсэн. Тиймдээ ч ажил хаях сүрдүүлэгтэйгээр 9 дүгээр сарын 1-нийг угтаж, цаашид ч хэрхэх нь тодорхойгүй байна. Мэдээж нэг багшид 88 мянган төгрөг гэхээр чамлалттай мэт санагдавч нийт дүнгээрээ төсөвт багагүй ачаалал ирж буй юм.

Эндээс жилийн өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хариулт ба У.Хүрэлсүхийн Засгийн газрын хариултад чанарын асар том ялгаа гарсныг харж болохоор. Нэг үгээр, эдийн засгийн байдал сайжирч, ОУВС-тай 2019 он хүртэл цалин нэмэхгүй байх хатуу хэлэлцээр өөрчлөгдсөний баталгаа энэ. Эдийн засгийн эерэг өөрчлөлт цаашдаа эерэг үр дүн олныг авчрах байх. Тиймээс БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн хэлсэнчлэн, ажил хаялт, эмх замбараагүй байдал цалин нэмэх хөрөнгийг бий болгохгүй.Харин нийтээрээ хөдөлмөрлөж, дэмжиж эдийн засгийнхаа эерэг өөрчлөлтийн үр дүнг ахиулмаар байна. Үүнд багш нарын хувь нэмэр ч их.

Эцэст нь хэлэхэд, “Есдүгээр сарын 1 ерөөсөө бидний баяр” гэсээр багш, хүүхдүүд хичээлдээ ирдэг. Тэгвэл энэ жилийн есдүгээр сарын 1-нд ямар ч байсан цалин нэмэгдлээ. Энэ бол 2014 оноос хойш 4 жилийн дараа цалин нэмсэн явдал бөгөөд эдийн засаг сэргэж буйн л баталгаа юм

Т.Гэрэлт

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн