Агаарын бохирдол хүний оюуны чадамжийг ихээр бууруулдгийг тогтоожээ

Агаарын бохирдол нь хүний биеийн эрүүл мэндэд хор хөнөөлтэйгөөс гадна оюун ухааны чадамжийг ихээр бууруулдгийг шинэ судалгаа тогтоожээ. Судалгааг Хятадад хийсэн байна. Гэхдээ дэлхийн хүн амын 95 хувь нь ямар нэг хэмжээгээр агаарын бохирдолд өртдөг гэдэг утгаараа бүх хүнд хамаатай юм.

Судалгааны дүгнэлтээр бол бохир агаараар амьсгалсан хүний хэлний болон математикийн сорилын дүн мэдэгдэхүйц буурч байсан нь нэг жилийн боловсролоо алдсантай тэнцэх хохирол болж байгаа гэнэ. “Агаарын бохирдол хүн бүрийн боловсролын түвшнийг нэг жилээр хорогдуулж байна” хэмээн судалгаанд оролцсон АНУ-ын Йелийн нийтийн эрүүл мэндийн сургуулийн ажилтан Ши Чэн ярьжээ.

Ялангуяа 64-өөс дээш насны боловсрол багатай эрчүүдэд хамгийн муугаар нөлөөлж байгаа гэнэ. Хүн амын энэ хэсгийн хувьд бүр хэдэн жилийн боловсролоо алдсантай тэнцэх хохирол амсаж байгааг тогтоожээ. Өмнө нь агаарын бохирдлыг сурагч, оюутнуудын танин мэдэх чадварт сөргөөр нөлөөлдгийг тогтоож байсан бол энэ судалгаагаар анх удаа бүх насны хүмүүст, тэр дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүст үзүүлэх ялгаатай нөлөөг олж тогтоосон байна.

“Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааг 2010-2014 оны хооронд Хятад даяар 20,000 иргэнээс хэлний болон арифметикийн сорил авах замаар гүйцэтгэсэн юм байна. Ингэхэд хэлний боловсрол нь математикийн чадвараас илүү буурч байсан эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хохирч байжээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи нь өөр өөр замаар ажилладаг нь үүнд нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.

Мөн агаарын бохирдлын оюун ухаанд үзүүлэх нөлөө богино хугацаанд үйлчилдэг тул жишээ нь агаарын бохирдолтой өдөр сурагчдаас шалгалт авбал үр дүн нь муу байх талтай гэжээ. Хятад улс хэдийгээр агаарын бохирдлоо бууруулж байгаа ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын стандартаас даруй гурав дахин өндөр хэвээр байгаа юм.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.