Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан БСШУСЯ- наас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ хичээлийн жилд “Сурагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргах” зорилт тавьж буйг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.

Хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 01-ний бямба гарагт үдээс хойш хийх юм. Харин ирэх даваа гаригт албан ёсоор хичээл эхлэх аж. Есдүгээр сарын нэгэнд орон нутагт гурван сургууль, нийслэлд есөн цэцэрлэг нээгдэх юм байна. Энэ үеэр БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Сургалтын төлбөр нэмэгдэж байгааг эсэргүүцэн оюутнууд жагссан. Яамны зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-МУИС-ийн төлбөрийн асуудлыг сайд шууд шийдэхгүй, тухайн сургуулийн ТУЗ шийдвэр гаргадаг, яамны зүгээс зөвхөн зөвлөмж өгдөг. Бид сурлагын чанарт анхаарахыг зөвлөсөн. Оюутнуудтай ёс зүйгүй харьцсан багшид хариуцлага тооцох үүрэг өгсний дагуу арга хэмжээ авч байгааг мэдэгдсэн.

-Зарим сургуулиудын захирлыг хууль бусаар халж сольсон гэх асуудлуудад тайлбар өгөхгүй юу?

-Би энэ ажилаа хүлээж аваад ямарч хүнийг ажлаас нь чөлөөлөөгүй. Мэдээж ямар нэгэн асуудал байгаа болоод солигдож байгаа. Ж.Батбаатар гэдэг мундаг захирал байж байгаад ажлаа өгчихсөн юм шиг асуудалд хандаж байна. Төлбөр төлж мэдээлэл цацдаг, өөрийгөө хамгаалдаг асуудал хэрээс хэтэрч байна. АШУҮИС-ийн барилга барьж байгаа Япон улсын багийнхан надтай ирж уулзсан.

Барилгын ажлыг хоёр сарын дотор шуурхайлан явуулах шийдвэр гаргасан. Орчин үеийн технологи бүхий эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдыг бэлтгэх ажлыг би Батбаатар захиралд хоёр жилийн өмнө даалгасан. Одоо хүртэл хэрэгжүүлээгүй байгаа. Олон эмчийг сургасан ч, тэр эмнэлэгт ажиллахгүй гэдэг байр суурийг бүгд илэрхийлж байна. Сайн судлаад үзвэл өөрийнхөө танил талын хүмүүсээ сургачихсан байсан. Хөрөнгө оруулалтын асуудалд олон зөрчил илэрсэн. Ийм хүнд хариуцлага тооцохгүй гээд яах юм бэ. Иймд би Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонд АШУҮИС-ийг даатгасан. Үр дүн гарна гэдэгт итгэж байна.

-Таныг огцрохыг шаардан яамны гадаа хүмүүс жагсаж байна, энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо дотроо хэд хэдэн хуваагдсан. Засгийн газар цалин нэмэх асуудлыг хүлээн авч ирэх сарын 1-нээс багш нарын цалин нэмэгдэлтэй орно. Ганц багш бус соёл урлаг, бие тамир спортынхны цалин нэмэгдэж байгаа. Багш нар үе шаттайгаар гурван жил цалингаа нэмэгдүүлнэ. Энэ хичээлийн шинэ жилд 76.4 мянган хүүхэд сургуульд анхлан орохоос нийслэлд 35.4 мянга, хөдөө орон нутагт 41 мянга хүүхэд элсэн орно.

Харин 10 дугаар ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцахаас 9 дүгээр анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцаж байгаа аж. 2018-2019 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30 мянган багш ажиллахаас 27.3 мянга нь төрийн өмчийн сургуулиудад, 2.7 мянга нь хувийн өмчийн сургуульд багшилна. Мэргэжлийн багшийн хангалт улсын хэмжээнд 95.7 хувьтай байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн