Солонгос улсыг зорих гэсэн хүмүүс Д.Сарангийн балгаар орон гэр, унах унаагүй болжээ

БНСУ-руу аялалаар явуулна гэж иргэдээс 150 сая төгрөг луйвардсан Д.Саран гэх эмэгтэй өмнө нь ял эдэлж байжээ. Тэрбээр 2012 онд чанга дэглэмтэй шоронд 13 жилийн хорих ял авч энэ оны гуравдугаар сард дүү Д.Алтантуяа нь батлан даалтаар гаргаж авсан байна. Ингээд суллагдсан даруйдаа өөрийн нэр дээр Korea Хаппи Трэйвэл” компани байгуулж 50 гаруй иргэнийг хохироожээ. Энэ талаар хохирогчдын төлөөлөл М.Батдулам “Цагдаагийн байгууллагынхан Д.Саранг андахгүй бүгд мэддэг юм билээ. Цагдаагийн байгууллага дотор хүртэл түүнд луйвардуулсан хүн байдаг гэсэн. Д.Сарангийн хувьд 2003 оноос залилан хийж эхэлсэн юм билээ. Дүү нь ч бас эгчдээ луйвардуулсан гомдолтой байна гэж байсан. Анх Ганц хүн биш бүхэл бүтэн компанитай гэрээ байгуулсан гэж бодсон учраас итгэж байсан. Компанийн захирал Д.Саранг хараад хэн луйвардчихна гэж санах вэ дээ. Гаднаас нь харахад мэнд устай найрсаг хүн шиг санагдсан. Бид энэ компанийн улсын гэрчилгээ,тамгатай нотариатад итгэсэн” гэсэн юм.

Солонгос улсыг зорих гээд хохирогч болсон эдгээр хүмүүс “БНСУ-руу зургадугаар сарын 5-ны өдөр гурван сарын групп аялалд бүртгэнэ” гэсэн фейсбүүк дахь зарын дагуу “Korea Хаппи Трэйвэл” компанитай холбогдсон байна. Тус компани аялал жуулчлалын чиглэлээр арван жил ажилласан туршлагатай. Толгой компаниасаа дөрөвдүгээр сард бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Найдвартай гэхчлэн тэднээс үйлчилгээний хөлс хүн бүрээс зургаан сая төгрөг авахаас урьдчилгаа гурван сая төгрөгийг авчээ. Урьдчилгаагаа хийсний дараа гэрээгээ нотариатаар баталгаажуулна гэж тэдэнд тайлбарласан юм байна. Эдгээр 50 хүний дунд урьдчилгаа болох гурван сая төгрөгөө олохын тулд орон гэр, машин тэргээ зарж орох орон, хөл дүүжлэх унаагүй болсон хүмүүс ч байгаа аж.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.