Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Зууван танхимд Ройтерс агентлагийн сэтгүүлчтэй ярилцахдаа олон улсын харилцааны хэд хэдэн сэдвийг хөндсөн байна. Тухайлбал, тэр Хойд Солонгосын удирдагчтай хоёр дахь удаагаа уулзах өндөр магадлалтай байгааг, хэрвээ Москвагийн зүгээс нааштай алхам хийвэл эдийн засгийн хоригийг цуцлах боломжтой тухай ярьжээ.

Трамп бас Турктэй үүсээд байгаа дипломат маргааны учир шалтгааныг тайлбарласан байна. Тэрбээр анх Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай долдугаар сарын дундуур Брюссельд болсон NATO-гийн дээд хэмжээний чуулганы үеэр уулзахдаа Израйлийн талд хоригдож байгаа Туркийн иргэнийг суллуулах талаар ярилцаж өгөхөөр тохиролцсон гэнэ.

Үүний хариуд Туркэд хоригдож байгаа Америкийн иргэн, шашны номлогч Эндрью Брансоныг шилжүүлж авахаар тохирсон гэж боджээ. Улмаар Израйлийн шоронд хоригдож байгаа Туркийн иргэн эмэгтэй Эбру Окзаныг Тель Авивын эрх баригчидтай хэлэлцээр хийсний эцэст суллуулсан байна. Энэ эмэгтэй нь Палестины Хамас зэвсэгт бүлэглэлтэй холбоотой гэж сэжиглэгдэн хоригдож байжээ.

“Би тэдний хүнийг суллуулж өгсөн. Хариуд нь манай гэм буруугүй чин сүсэгтэн, сайн эцэг, гайхалтай эр хүнийг Туркээс явуулна гэж би найдаж байв” гэж Трамп ярьжээ. Гэтэл Туркийн тал Брансоныг суллалгүй, харин нэмж АНУ-д цагаачлан амьдарч байгаа Фетуллах Гюленийг шилжүүлж өгөхийг Вашингтоноос шаардсан байна. Эрдоганы засаг захиргаа Гюленийг 2016 оны төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэж үздэг.

Харин Трамп ийм гэнэтийн, тохиролцоогүй зүйл шаардсанд нь эгдүүцэж, хоёр орны хооронд дипломат маргаан, эдийн засгийн дайн дэгдэж эхэлсэн ажээ. Трамп “Би Туркэд хайртай. Би Туркийн ард түмэнд маш их хайртай. Саяхныг хүртэл би тэдний Ерөнхийлөгчтэй сайн харилцаатай байсан. Гэхдээ энэ харилцаа нэг чиглэлтэй зам шиг байх ёсгүй” хэмээн ярьсан байна. Дональд Трамп бас Брансоныг суллуулахын тулд Туркийн талд дахин ямар нэг буулт хийх тухай яриа огт байхгүй гэдгийг хэлжээ.

Эх сурвалж: Reuters

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн