Ирэх сонгуулийн бэлтгэл иргэдийн нуруунд ачаа нэмэх вий

ХӨЛД НЬ СҮЙДДЭГ ХӨӨРХИЙ ДУНДЧУУД

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож, 2019 онд 320, 2020 онд 420 мянган төгрөг болгон нэмэхээр болсноо зарлалаа. “Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа шинэчилэн тогтоодог байсан бол энэ удаагийн хэлэлцээний үр дүнд жил тутам нэмэгдүүлэхээр боллоо.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эрс нэмэгдүүлж, 2020 он гэхэд одоогийнхоос даруй 75 хувиар өсгөх шийдвэрийг бид хоёр ч удаа завсарлага авч байж гаргуулав” хэмээн МҮЭХ-ныхон хөөрцөглөж байна. Уг нь цалин нэмнэ гэдэг сайхан мэдээ баймаар. Гэвч энэ сүржин мэдэгдлийг сонсоод баярлаж хөөрөх сэтгэл надад лав төрөхгүй байна. Надтай адил цаг наргүй зүтгэж, цалингаараа мөчиг тачигхан амьдардаг дундчууд ч бүгд дарга нарын гэнэтийн ивээлээс жийрхэж суугаа нь ярианаас нь илт.

Учир нь нь энэ нэмэгдэл хөлсөө дуслуулж, хоолоо олж иддэг, аль байдгаараа зүтгэж амьдралаа авч явдаг 1.1 сая хөдөлмөр эрхлэгчийн 92 хувь буюу нэг сая хорин мянгад нь огтхон ч падлийгүй төдийгүй харин ч тэдний нуруун дээр ачаа нэмж, дарамт болж мэдэх билээ. Өөрсдөд нь огтхон ч хамаагүй тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн дуулианы хөлд хөөрхий дундаж давхаргынхан, бор зүрх, улаан гараараа амьдралаа авч явдаг жирийн хөдөлмөрчид л чирэгдэж, сүйддэгийг эс мэдэх биш.

Олон нийтэд таалагдахын тулд ая тал засах гэсэн, сонгууль угтсан ийм мэдэгдлийн дараа өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгддэг зүй тогтол манайд тогтоод удаж буй учраас тэр шүү дээ. Гэлээ гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчлэн тогтоох хуультай хойно яалтай билээ. Харин гавьяа байгуулахгүй ч гай болохгүй амьдралаа аваад явдаг дундаж давхаргынхнаа юм юмны хөлд чирч, туйлдуулаад байлгүй, амьжиргааг нь хамгаалах арга хэмжээг бодлого боловсруулагчид мартаж орхидоггүй байгаасай.

ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ НЭМСЭНИЙ ЦААНА…

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс гадна өөр нэг анхаарал татахуйц асуудал хэлэлцэж, тохиролцсон. Энэ нь Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болгох талаар байв.

МАН 2016 онд Засгийн эрхэнд гарахдаа Монгол Улсын эдийн засаг, төсөв “хүнд өвчилж, үхлийн ирмэгт очсон байна” хэмээн халаглаж, эдийн засгийн уналтыг цаг алдалгүй зогсоохын тулд “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” баталж, ОУВС-тай хамтран гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Тухайн үед амтай бүхэн “Эдийн засгийн уналт үргэлжилж, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, гадаад валютын цэвэр нөөц огцом багассан зэрэг макро эдийн засгийн хүндрэлүүдийн хажуугаар төсвийн сахилга бат алдагдсанаас улс өрөнд баригдсан” хэмээж, төсвийн сахилга бат, хэмнэлтийн горимын тухай улиглаж байв.

Ингэсээр иргэдэд “бүсээ чангалах” ёстойг нь ойлгуулж, ингэж байж л эдийн засгаа эрүүлжүүлж, төсвийн реформ хийх юм байна хэмээн итгүүлсэн. Чухам тэр үед Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулахыг Засгийн газарт даалган, чиглэл өгч 29 дүгээр тогтоолыг УИХ-аас баталсан байдаг.

Тухайн үедээ олон сайхан зүйл ярьж баталсан уг тогтоолын заалтуудаас хэрэгжсэн нь тун цөөн. Эргээд харахад шийдвэр гаргагчид бөөн сүр дуулиан болж байж баталсан тогтоолынхоо заалтуудыг хүчингүй болгохын төлөө явсан нь төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах талаар арга хэмжээ авснаасаа илүү байжээ гэсэн дүр зураг тодорч байна.

Untitled31 Ирэх сонгуулийн бэлтгэл иргэдийн нуруунд ачаа нэмэх вий

Тогтоолыг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд батлаад, үүнээс хойш 20 хүрэхгүй хоногийн дараа заалтыг нь хүчингүй болгох тухай ярьж эхэлсэн байдаг. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 4-нд тогтоолоос “Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” гэсэн заалтыг сугалан, хүчингүй болгосон.

Үүнээс хэдхэн сарын дараа “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг байнгын зорилтот бүлэгт чиглүүлэх замаар нийт өрхийн 40 хувийг хамруулах, гарах хэмнэлтийг хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хамрах хүрээ, багцын нэр, төрлийг өргөжүүлэх, эмзэг бүлгийн орлого багатай өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээнд зарцуулах” гэсэн заалтыг авч хаясан.

Тэгвэл одоо мөн л гурван заалтыг сэмхэн “хулгайлахаар” Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал санал нэгджээ. Өөрөөр хэлбэл, “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд өнөөгийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжид тулгуурлан шийдвэрлэх”, “Төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоох, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасугай”, “Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд тэтгэвэрт гарах хоёр төрийн албан хаагч тутмын оронд нэг төрийн албан хаагч нөхөн авч ажиллуулах, бусад салбараас тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчийн оронд хүн томилохгүй байх” гэсэн заалтуудыг хүчингүй болгохоор болжээ. Ингэснээр УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтооолын төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад чиглэсэн гол заалтууд бүгд хүчингүй болох юм.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороонд Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд оролцдог. Тэрбээр хорооноос гаргасан шийдвэрээ энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэр гаргуулна гэсэн. Түүний боловсруулсан саналын дагуу Засгийн газраас гарах шийдвэр иргэдийг бус, ирэх сонгуулиа бодож, төрийн албаныхнаа тойглох оролдлого төдий юм.

Тэд улс орноо, иргэдээ боддог бол төрд тогтвортой бодлого, сахилга бат тогтоохыг чухалчлах байсан. Тогтвортой бодлого, сахилга батыг төлөвшүүлэхийг зорьсон бол өнөө маргаашийн бэрхшээл, сонгуулийн өмнөх жил иргэдэд таалагдах хүсэлдээ хөтлөгдөхгүй байсан билээ.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.